БЗД-ийн нэгдүгээр хороо РЦНК-ийн урд талбайд ногоон байгууламж сүйтгэсэн асуудлаар БОАЖЯ, МХЕГ, Экологийн цагдаагийн алба болон Ногоон байгууламж хариуцсан хэлтсийн мэргэжилтнүүд өнөөдөр газар дээр нь ажиллаж мэдээлэл өглөө.
"Газар эзэмшигч компани нь уг талбай дээр мод тайрах зөвшөөрөл авсан гэж хариу хэлсэн. Улмаар нийслэлийн Захирагчийн ажлын албанаас албан ёсоор тодруулахад мод тайрах зөвшөөрөл аваагүй байсан. Тиймээс энэ асуудалд нөхөн төлбөр тооцуулах тухай хүсэлт өгсөн байгаа. Ойн сан бүхий модыг Зөрчлийн тухай хуулиар зохицуулдаг боловч нийслэл хотын мод сүйтгэсэн тохиолдолд Зөрчлийн хуулиар орхигдсон байгаа юм. Мөн энэ талбайд шөнийн цагаар ирж шороо асгасан байна гэх иргэдийн гомдол бий. Энэ асуудлаар Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүсэлт гаргасан. Үүнийг тодруулж үзээд, МХЕГ-т ирвэл зөрчлийн хэрэг үүсгэж арга хэмжээ авна" хэмээлээ.
Нийслэлийн Байгаль Орчны Газрын мэргэжилтэн "Одоогийн байдлаар тухайн компани нь таван мод л огтолсон гэж бага тоо яриад байгаа. Гэхдээ бодит нөхцөл байдлыг харахад таваар тогтохгүй модыг тайрч огтолсон байна. Тиймээс Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн Байгаль Орчны Газар болон нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтраад байгаль орчны үнэлгээний дагуу хохирлыг тогтоож, нөхөн төлүүлэхээр бэлдэж байгаа. Зөвшөөрлийг хаанаас хэрхэн олгосон талаарх мэдээллийг Нийслэлийн Байгаль Орчны Газраас лавлагаа авахаар тоот өгсөн. Одоогоор хариу нь ирээгүй байгаа" гэсэн юм.
Харин оршин суугчид "Оройн цагаар ногоон байгууламж бүхий энэ талбайд их хэмжээний шороо асгаж байна. Шороо ачиж ирж байгаа машинууд гэр хорооллын 3-4 айлын модон жорлонг сүйтгээд нүдэн дээр энд жорлонгийн хогийг асгасан. Бидэнд нотлох баримт нь бий. Дүүргийн цагдаад гомдол гаргасан. Гэтэл эсрэгээрээ ногоон байгууламжаа хамгаалъя гэж дуугарсан оршин суугчдын төлөөллийг цагдаа дээр байнга дуудаж, зөрчлийн хэрэг хүртэл нээсэн. Ногоон байгууламж сүйтгэж буй асуудлаар оршин суугчдын төлөөлөл долдугаар сараас хойш холбогдох газарт өргөдөл гомдол өгсөн ч эргээд хариу ирээгүй" гэв.