Худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн удирдлагууд БШУЯ-ыг шүүхэд өгөх асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, ХҮИС-ийг МУИС-д нэгтгэх засгийн газрын тогтоол гарсан учир уг асуудлаар мэдээлэл хийв.
Уг асуудлаар доктор, профессор н.Должин "Засгийн газрын 293 дугаар тогтоолыг боловсролын сайд танилцуулахад анх удаа сонсож, танилцсан. Ийм учир сургуулийн удирдлагын баг цугларч, сайдын гаргасан шийдвэртэй танилцсан.
Ингээд бид сайдтай уулзах хүсэлтийг ч мөн тавихад одоог хүртэл уулзаж чадаагүй байна. Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр сургуулийн тамга тэмдэг, хуулийн этгээдийн гэрчилгээ, сургуулийн дансыг цэгцэлж авсан бөгөөд түүнээс гадна захирлыг ажлаас чөлөөлсөн.
Асуудалтай хувийн өмчийн их сургуулиудын хамт төрийн өмчийн 99 жилийн түүхтэй, сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа манай сургуулийг хамтатгаж шийдвэр гаргасан нь маш их цочирдуулсан.
Татан буугдсан сургуулиуд наймдугаар сарын 19-ны өдөр татан буугдчихсан. Гэтэл бид өнөөдөр оюутнуудаа элсүүлээд авчихсан, үйл ажиллагаа хууль зүйн хүрээнд хүчинтэй эсэх нь эргэлзээтэй асуудал болж гарч ирсэн. Тиймээс уг тушаал эрх зүйн хувьд алдаатай эсэх тал дээр хяналт хийж үзсэн.
Мөн "МХЕГ-ийн дүгнэлтээр стандарт зөрчсөн, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа хангаагүй болох нь тогтоогдсон" гэх үндэслэл гаргасан байсан. Харин үүнийг манай хамт олон үйл сургуулийн ажиллагаатай огт нийцэхгүй байна гэж үзэж байгаа.
Ийм учир бид сургуулийнхаа нэр хүндийг хамгаалах, оюутан залуус ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах үүднээс хуулийн байгууллагад хандаж байна" гэлээ.