Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Халтар: Аравдугаар сард Дархан руу шороон замаар бус засмал замаар зорчино

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 8 секунд

ЗТХ-ийн сайд Л.Халтар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, тус яамны дэд сайдаар томилогдсон. Тэрбээр ажлаа УИХ-ын гишүүн С.Бямбацогтод хүлээлгэн өгсөн бөгөөд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнажээ.

Тодруулбал, "Л.Халтар миний бие 2020 оны долдугаар сард Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдон ажиллаж байсан бол өнөөдөр дараагийн сайд УИХ-ын гишүүн С.Бямбацогтод үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө.

  • Миний бие Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон цагаасаа өнөөдрийг хүртэлх хугацаанд мэргэжлийн хамт олныхоо хамтаар авто зам, төмөр зам, автотээвэр, агаарын тээвэр, далайн тээврийн салбарт томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, зарим төслийг дуусгаж заримыг нь эхлүүллээ.
  • Мөн Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомт руу чиглэсэн авто зам, төмөр замын төслүүдийг амжилттай эхлүүлээд байна.
  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын төслийг дуусгаж 10 хоногийн дараа галт тэрэгний дуут дохио хангинан албан ёсоор нээлтээ хийх гэж байна. Энэхүү том бүтээн байгуулалтуудын ард мэргэжлийн хамт олныхоо хамтаар амжилттай гарч чадсандаа баяртай байна.
  • Мөн экспортын хамгийн чухал гарцын нэг болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар энэ оны гуравдугаар сард эхлүүлж ирэх 11 дүгээр сарын босгон дээр тээвэрлэлтээ эхлүүлэхээр ажиллаж байна.
  • Хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот, суурьшлын бүсийг үе шаттай байгуулах зорилгоор Богдхан төмөр замыг барьж ашиглалтад оруулах төслийн ажлыг эхлүүлж тун удахгүй бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхлэх гэж буйг дуулгая.
  • Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажлыг өнгөрсөн 7 дугаар сарын эхээр эхлүүлсэн бол баруун босоо тэнхлэгийн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон гээд манай улс ирэх жилүүдэд төмөр замын бүтээн байгуулалтууд эрчимтэй өрнөх эхлэлийг бид богино хугацаанд амжилттай тавилаа.
  • Авто замын салбарт ч бүтээн байгуулалтын олон төслүүд хэрэгжиж байна. 10 гаруй жил гацаж бүтээн байгуулалт нь зогссон Завхан аймгийн Загастайн давааны Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто зам барих ажлыг амжилттай гүйцэтгэж энэ оны зургаадугаар сард албан ёсоор ашиглалтад орууллаа.
  • Мөн Чингис-Бэрх хот чиглэлийн 50 км хатуу хучилттай автозамыг ашиглалтад оруулж, тухайн замаас цааш Ульхан хилийн боомт хүртэлх авто замын бүтээн байгуулалт үргэлжилж байна.
  • Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км авто зам, Өлгий хотыг тойрон гарах 18.82 км авто зам, Говь-Сүмбэр аймгийн Даланжаргалан сумаас Хэнтий аймгийн Бор-Өндөр чиглэлийн 50 км, Өмнөговь аймгийн Шар тээгийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6 км авто зам, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, 13 байршилд 979.9 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажлыг тус тус дуусгаж байна.
  • Удаан хугацаанд дуншиж хамгийн их хэл ам дагуулсан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажилд авто замын газрын удирдлага, мэргэжилтнүүдийн хамтаар өдөр бүр шахаж шаардаж ажилласнаар ирэх 10 дугаар сарын дундуур багц-2, 10 дугаар сарын сүүлээр багц-4 зорчих хэсэг нээгдэж Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замд шороон замаар бус засмал замаар зорчих боломж бүрдэж буйг албан ёсоор дуулгая.
  • Агаарын замын олон улсын боомтын тоог нэмэгдүүлэн, агаарын замын ашиглалтыг сайжруулж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгох ажлыг эхлүүллээ. Энэ ажлын хүрээнд орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж 3с 4с 4d ангиллаар хөгжүүлэх ажлыг иргэний нисэхийн салбарынхантайгаа хамтран амжилттай эхлүүллээ.
  • Мөн Монгол Улс, Япон Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг болох “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүллээ. Цаашид зорчигчдод хүндрэл бэрхшээл багатайгаар үйлчилгээ үзүүлэх чиглэлд түлхүү анхааран ажиллаж байна.
  • Салбарын хууль эрх зүйн шинэчлэлд Тээврийн ерөнхий хууль, Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Автотээврийн болон төмөр замын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хуулийн төслүүдийг УИХ-аар эцэслэн батлууллаа.
  • “Алсын хараа” 2050, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын дэд бүтцийн хөгжлийн бодлогод зам, тээврийн салбарын дэд бүтцийн зорилт, хөтөлбөрийг тус тус тусган батлуулсан байна. Мөн Зам, тээврийн салбарын 2020-2024 оны стратеги төлөвлөгөө, Монгол Улсын баруун бүсийн хойд хилийн солбицолд шинэ агаарын хаалга “RIPEK”-ыг нээж, шинээр Истанбул, Ханой чиглэлд нислэг нээж, нислэгийн давтамжийг нэмэгдүүллээ" гэжээ.
“Х.Бадамсүрэнгийн уул уурхайн салбарт олон жил ажилласан туршлагыг ЗГ ашиглаж байна“
“Х.Бадамсүрэнгийн уул уурхайн салбарт олон жил ажилласан туршлагыг ЗГ ашиглаж байна“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.