Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭХ СУРВАЛЖ: Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав ЗГ-ын асуудлаар уулзжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 51 секунд
Photo edited by Ubn.mn

Үндсэн хуулиа өөрчилж, Засгийн газрын хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулан “давхар дээл”-тэй ЗГ бүрдүүлэх хуулийн гарцыг бий болгосон Ардын намынхан яг одоо шинэ сайдуудаа томилохоор нам доторх хөл хөдөлгөөн болж байна.

Энэ үйл явдалтай зэрэгцээд одоогийн танхимаас сайдаар үлдчих гэсэн “дан дээл”-тэй сайдууд өөрсдийгөө “үлдэнэ” гэдэг мессежийг хэвлэлээр тасралтгүй явуулж, сайдад горилгосон УИХ-ын гишүүд “Тэр сайд болох нь тодорхой болжээ” гэж бичүүлсээр байна.

Асуудлыг гол гогцоо Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын дараагийн танхим бүхэлдээ “давхар дээл”-тэй байх уу. Ганц нэг “дан дээл”-тэй сайдыг томилох уу гэдэг дээр хөвөрч байгаа юм. Ерөнхийлөгч болон генсек, намын зүгээс гаднаас 3-4 “дан дээл”-тэй сайд томилохоор эрмэлзэж буй бол УИХ-ын “бүдүүн” бүлгийн гишүүд нэг ч сайдыг гаднаас томилуулахгүй гэдэг дээр эвлэлдэн нэгдсэн гэх мэдээлэл байна.

Тэгвэл өнөөдөр Төрийн ордонд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр уулзалт хийсэн талаар баттай эх сурвалж мэдээллээ. Уулзалтын ярианы гол сэдэв нь шинэ Засгийн газрын томилгооны асуудал байсан бөгөөд хоёр цаг гаруй сунжирсан уулзалт ирээдүйн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг бараг шийдсэн байх талтай юм. Учир нь гишүүд болон бүлэг, фракциуд хэдийгээр нааш, цаашаа гүйлдэж сайдын суудалд хурдалж байгаа ч тал талд хуралдсан тэдгээр хүмүүс энэ гурван хүн дээр очиж нэгтгэнэ. Өөрөөр хэлбэл, 70-аад оныхон УИХ-ын дарга Г.Занданшатарыг түшиж буй бол, 80-аад оноос хойшхи харьцангуй шинэ үеийнхэн Ерөнхий сайд дээр очиж нэгтгэгдэнэ гэсэн үг. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээр өмнө нь танхимд нь сайдаар ажиллаж байсан хүмүүс болон Я.Содбаатар, Ж.Энхбаяр тэргүүтэй хүмүүсийн эргэн тойрныхон очиж сайдын суудал “гуйна”. Генсек Д.Амарбаясгалан сайдын хуваарилалт дээр томоохон нөлөөтэй ч энэ удаад тэрбээр хуучин дарга У.Хүрэлсүхтэйгээ "нэг модоор" тоглож байгаа.

Мөн эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөр үдээс хойш намын төлөөллийг оруулсан дараагийн уулзалт товлогдож магадгүй байгаа ажээ. Бид Засгийн газрын томилгоо, бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой цаг үеийн шуурхай мэдээллийг цаг алдалгүй эргэн мэдээлэх болно.

Г.Лхагвадорж

“Улаанбаатар” явган аяллын фестиваль маргааш болно
“Улаанбаатар” явган аяллын фестиваль маргааш болно
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.