Хүнд өвчтэй Б.Түмэн хүүгийн аав, ээж “Төрдөө гологдсон хүүхдүүд” сэдвээр мэдээлэл хийлээ. Энэ үеэр хүүгийн нагац ах "ЭХЭМҮТ-д зүрхний холбогч эдийн тасаг гэж 2019 онд байгуулагдсан. Агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдлаас шалтгаалан гарсан өвчлөлтэй холбоотойгоор нэг тасаг нээгдсэн байна. Жил бүр агаарын бохирдол гэж ярьдаг мөртлөө зун болохоор мартчихдаг. Өвлийн улирал дөхөхөд л ярьж эхэлдэг. Монголд олдохгүй байгаа эмийг арай гэж олж авч байхад Солонгост түүнийг нь 2001 оноос хэрэглэгдэхээ больчихсон байх юм. Бүх зүйлээрээ хоцрогдоод байна. Үүнд л бид бухимдаад байгаа юм. Байгаа мөнгөөрөө хоол хүнс авахаас илүү хүүхдэдээ эм тариа авдаг болчихсон байна. Монголоос зугатаачихмаар л санагдаж байна" гэв.
Хүүгийн ээж "Хүүхдүүд Монголд төрсөндөө хэрэг хийсэн ялтангуудаас дор байна. Бид дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй. Ядаж эмч нараа чадваржуулмаар байна. Эдгээр хүүхдүүдийг эмчлэх үе мөчний тасаг гэж байхгүй. Системийн гаралтай энэ өвчин нь хүүхдийг явах чадварыг алдагдуулж байдаг. Цагаан эс нь үйл ажиллагаагаа явуулж чадахгүйгээс бие эрхтнийг гажуудуулдаг. Миний хүүхэд тэргэнцэр дээр суусан. Дахин нэг ч гэсэн хүүхэд тэргэнцэр дээр бүү суугаасай.
Хүүхэд маань хилийн цаана эмчилгээнийх нь мөнгө дуусаад, эмнэлгээс гараад үхэх өдрөө хүлээгээд сууж байна. Тэгэхэд Монголын төр хэрэг хийсэн ялтангуудаа яаж асардаг билээ. Гэтэл ирээдүй болсон үр хүүхдээ асарсан зүйл алга. Ерөнхийлөгч өө, Их тэнгэрийн аманд цайллага хийх мөнгөөрөө эмнэлэгээ бариач ээ. Эмч нараа чадвартай болгох хэрэгтэй байна" гэв.