Өглөөний 6 цаг 45 минут. Нийслэл хотыг маань "нам гүмхэн" байдал бүчжээ. Хажууханд харагдах авто замаар хоёр, гуравхан машин ээлжлэн өнгөрч байгаа нь үзэгдэнэ. Манайхан худалдаа үйлчилгээний байгууллага нь өглөө эртлэн онгойдоггүй хэмээн ихэд бухимдангуй ханддаг байсан үе саяхан. Манай Улсад 6 цагт үүдээ нээгээд оройн 00 цаг хүртэл ажиллах албан байгууллага "өдрийн од" шиг цөөн билээ. Өндөр хөгжилтэй улс орны хувьд нар ургахтай зэрэгцэн албан байгууллага, худалдаа үйлчилгээний төвүүд нь үүдээ нээдэг. Монгол Улс хараахан тэр түвшинд хүрч амжаагүй ч иргэд маань өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэлгүй өдийг хүрсэн бололтой. Худалдаа, үйлчилгээний байгууллага нь төрийн байгууллагатай яг адил цагт үүдээ нээж, ижил цагт үүдээ хаадаг үзэгдэл одоо хүртэл бий. Эл үзэгдэл Улс орны хөгжилд томоохон татаас болдог нь ойлгомжтой. Дан ганц худалдааны байгууллага гэлтгүй иргэдийн оролцоо ч үүнтэй холбоотой юм.
"Бид ч яах вэ. Хөгшин болсон хүмүүс. Залуу үе маань эртэч, өглөөний хүн байгаасай гэж хүсэж байна. Өмнө үеийг бодвол өглөө эрт кофе шоп, зарим нэг дэлгүүрүүд хаалгаа нээдэг болсон байна билээ" хэмээн ярьж буй хүмүүс бол орон сууцнуудын гадаа байдаг саравчинд нарлан суугаа өвөө, эмээ нар юм.
Нийслэлд маань мандах нартай зэрэгцэн үүдээ нээдэг цөөн хэдэн кофе шоп, сүлжээ дэлгүүрүүд бий. Ubn сайтын сурвалжлах баг хамгийн эхэнд таарсан нээлттэй байгаа кофе шоп руу орлоо.
Үүдээр нь орход "өглөөний мэнд" хэмээн инээмсэглэн угтах тус кофе шопын ажилтан А.Гэрэлчулуун, Х.Тэмүүлэн нар юм. Тэд ажилдаа өглөөний 6 цагт ирдэг аж. Иргэдийн ажлын цаг эхлэх болоогүй болоод ч тэр үү 7-10 цагийн хооронд хүн цөөн байдаг талаар дурдлаа.
"Манай кофе шоп өглөөний 7 цагаас оройны 00 цаг хүртэл ажилладаг. Өглөө гэхээсээ илүү оройн цагаар их хүнтэй байдаг. Өглөө 7-10 цагийн хооронд үйлчлүүлэгч нар цөөн байдаг. Мэдээж сүүлийн үед олон газрууд өглөө эрт үүдээ нээдэг болсон харагдсан. Гэвч энэ нь иргэдэд хангалттай гэсэн үг биш. Үүнийг зөвхөн албан байгууллагатай холбож болохгүй байх. Бүх худалдаа, үйлчилгээний байгууллага өглөө эрт үүдээ нээлээ гэхэд, худалдан авагч нар байхгүй байдаг шүү дээ. Тиймээс иргэд ч бас өглөөний хүн болох зөв дадал хэвшүүлэх нь зөв байх гэж бодож байна.
Манайд өглөөний цагаар зөвхөн байнгын үйлчлүүлэгч нар л орж ирдэг. Өглөөний цагаар орж ирсэн хүмүүс бүгд сэтгэл хангалуун байдаг" хэмээлээ.
Улаанбаатар хот өглөөний хоёр гудамжтай. Хамгийн анхны өглөөний гудамж 2018 онд үйл ажиллагаага явуулж эхэлсэн. Харин нэг нь 2021 онд ашиглалтанд орж иргэдийн хэрэгцээтэй худалдаа, үйлчилгээний газрууд болох номын дэлгүүр, үсчин, ресторанууд үйл ажиллагаагаа явуулдаг билээ.
Иргэд төрийн болон худалдаа, үйлчилгээний газрын ажлын цагийн талаар үзэл бодлоо ийнхүү илэрхийллээ:
"Би өөрөө тэтгэвэрт гарсан хүн. Олон нийтийн байгууллагаар хэдэн цагт ч хамаагүй үйлчлүүлж болно. Яг ажилтай хүмүүсийн хувьд байгууллагууд онгойдоггүй нь эсвэл эрт хаалгаа барьдаг нь олон хүмүүсийн ажлыг уядаг байх. Надад тулгамдаж байгаа асуудлын хувьд би өөрөө өглөө болгон алхдаг. Өглөөний цагаар дэлгүүр орох гэхээр хаалттай байдаг тул өдрийн цагаар л ордог доо. Өглөөний үйлчилгээний цэгүүд ажилладаг болвол сайн л байна. Ажилтай хүмүүс зав чөлөөгөөрөө ажлаа бүтээгээд л явна шүү дээ. Ажилчдынхаа хүрэлцээгээр хоёр ээлжээр ажиллаж эхэлдэг ч юм уу. Олон боломж бий шүү дээ" хэмээлээ.
"Би их эртэч хүн. Худалдааны байгууллагуудын ихэнх онгойдоггүй нь миний хувьд их асуудал болдог. Эрт онгойсон байдаг дэлгүүр нь автобусны буудлын хажууд байдаг ТҮЦ-нүүд. Гэвч бараа нь их үнэтэй байдаг. Бүх байгууллагууд нийтээрээ эрт үүдээ нээвэл сайхан шүү дээ. Бүх ажлаа амжуулна" гэв.
"Нийтээрээ өглөөний иргэд болмоор байна"
Иргэн: "Нийслэл маань их хөгжиж байгаа. Худалдаа үйлчилгээний байгууллага нь сүүлийн үед эрт онгойдог болсон. Гэвч энэ нь хангалтгүй. Ер нь зорьж өглөөний гудамж гэх зүйл байхаас илүү нийтээрээ өглөөний иргэд болмоор байна. Зарим үед өглөө яаралтай дэлгүүр, хоолны газар орох гээд хаалгыг нь татахаар нээх БОЛООГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ гээд уцаарладаг" гэв.
Сонирхуулахад дэлхийн найман орны 16-аас 60 насны 8000 хүний дунд явуулсан судалгаанаас үндэслэн гаргасан судалгааг хүргэж байна.
-Германы иргэдийн 57% нь өглөө босчихоод дор хаяж 14 минут шүршүүрт ордог байна. Харин нийт иргэдийн тал хувь нь гэр бүлийнхэнтэйгээ ойр зуурын яриа өрнүүлж өглөөний цайгаа уудаг бол үлдсэн нь урьд шөнийнхөө зүүдийг эргэцүүлэнгээ цайгаа уудаг гэх судалгаа бий.
-Энэтхэг Улсын иргэдийн 40 хувь нь өглөөний 6 цагаас эрт сэрдэг бөгөөд үлдсэн 60 хувь нь 7 цагт сэрдэг. Тэдний 40% нь гэртээ өглөөний цайгаа уудаг бол, 60 хувь нь гудамжнаас өглөөд идэх зүйлээ худалдан авдаг ажээ.
-Нью-Йорк хотын иргэдийн тал хувь нь өглөө 7 цагт сэрдэг. Тус хотын нийт иргэдийн 59% нь гэртээ өглөөний цайгаа уудаг байна.
-Стогкольм бол өглөөний хүмүүсийн өлгий нутаг юм. Хотын нийт иргэдийн 61% нь 7 цагаас өмнө босдог гэсэн судалгаа бий.