Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Сайдын тушаалгүй гээд зарим өрхийн эмнэлэг 5-11 насны хүүхдийн дархлаажуулалтаа эхлээгүй байна

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
8 минут 54 секунд

Дэлхийн зарим улс орон бага насны хүүхдүүдийн дархлаажуулалтыг өнгөрсөн оны сүүлээс эрчимтэй явуулаад байгаа билээ. Тухайлбал, АНУ 8,5 сая хүүхдийг дархлаажуулаад байгаа. Тэгвэл ЭМЯ-ны дэргэдэх Хүүхдийн салбар зөвлөл, Дархлааны салбар зөвлөл, бусад энэ чиглэлийн ТББ-уудын саналаар 5-11 насны хүүхдэд "Covid-19"-ийн эсрэг "Комирнэти" (BNT162b2) буюу Pfizer вакцин хийхээр төлөвлөн, дархлаажуулалтыг 2022 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлсэн.

Дархлаажуулалт нь зөвхөн сайн дурын үндсэн дээр хийгдэх ба эцэг эхийн хамт өөрийн оршин суух харъяа дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан хоёр удаагийн тунд хамрагдах боломжтой юм.

Тэгвэл бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн төлөөлөл вакцины талаар ямар бодолтой байгаа мөн хороодын өрхийн эмнэлгүүдэд дархлаажуулалтын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар сурвалжилга бэлтгэлээ.

Зарим хороодын өрхийн эмнэлэгт дархлаажуулалт эхлээгүй байна

Бид СХД-ийн 11 дүгээр хорооны"Дотны туслагч" өрхийн эрүүл мэндийн төвөөс дараах мэдээллийг авсан юм.

Тус өрхийн эмнэлгээс "Өнөөдрийн байдлаар манай өрхийн эмнэлэг дээр 5-11 насны хүүхдүүдэд хийх "Covid-19"-ийн вакцин хийгдэж эхлээгүй байна. Сайдын тушаал гараагүй гэх үндэслэлээр түр хойшлуулсан.Түүнээс гадна вакцины тунгийн хуваарилалт хийгдэж дуусаагүйгээс үүдсэн гэж харж байна. Гэхдээ үндсэн бэлтгэл ажил хийгдээд дууссан. Мөн эмч, сувилагч нараа бүгдийг нь сургалтандаа хамруулсан байгаа. Манай өрхийн эмнэлгийн хувьд тушаал гарсны дараа бага насны хүүхдийн вакцинжуулалтыг хийж эхлэнэ" гэх мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл БЗД-ийн 19 дүгээр хорооны "Өнөр-Энхмэнд" ӨЭМТ-өөс тодруулахад, "Манай өрхийн эмнэлгийн хувьд тав дахь өдрөөс эхлэн 5-11 насны хүүхдүүддээ вакцинжуулж эхэлнэ. Хороод өдөр, өдрөөр ээлжлэн вакцинжуулах журам явагдаж байгаа" гэлээ.

Бид энэ талаар ЭМЯ-наас тодруулахад, "Даваа гараг буюу наймдугаар сарын 01-нээс эхлэн 5-11 насныхны вакцинжуулалт эхэлсэн. Одоогоор хэвийн үргэлжилж байгаа. Хороод мэдээлэл өгөхөөс татгалзаж буй хэлбэр болов уу" гэсэн юм.

Хоёроос гурван хороонд НЭГ ЦЭГ байгуулж дархлаажуулалт хийнэ

Иргэд харъяа дүүргийнхээ ӨЭМТ-д очин бага насны хүүхдэдээ коронавирусийн эсрэг вакцин хийлгэх боломжтой хэмээх ойлголтыг авсан байгаа. Гэтэл хоёроос гурван хороонд нэг цэг байгуулж, дархлаажуулалт хийгдэх аж.

Энэ талаар СХД-ийн 10-р хорооны "Энэр-Ази" ӨЭМТ-ийн дархлаажуулалтын эмчээс тодруулахад, "Манай өрхийн эмнэлэгийн хувьд бага насны хүүхдүүдэд ковидын эсрэг вакцинжуулалтыг хийгээгүй байна. Учир нь манай хороо хоёр дүүргийн дунд нэг цэг байхаар зохицуулагдсан. Энэ нь дархлаажуулалтын эхний тунг нөгөө хороон дээр хийх бол дараагийн тунг манай хороонд хийх зохицуулалттай. Тиймээс иргэдийг зөв мэдээлэл аваасай гэж хүсч байна" гэсэн юм.

Эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ вакцин хийлгэхээр бол зөвшөөрлийн хуудастай танилцаж, гарын үсэг зурна

5-11 насны хүүхдийг эцэг эхийн зөвшөөрлөөр дархлаажуулна гэж албаны эх сурвалжууд мэдээлээд байгаа. Тэгвэл энэ талаар СХД-ийн 9-р хорооны "Энхийн санаа" ӨЭМТ-ийн дархлаажуулалтын эмч А.Цэвээндарь дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, "Манай өрхийн эмнэлэг одоогоор вакцинжуулалт хийж эхлээгүй байна. Гэхдээ бэлтгэл ажил дууссан байгаа. Иргэдийн хувьд хүүхдээ дархлаажуулахаар ирэхдээ зөвшөөрлийн хуудастай танилцан, гарын үсэг зурж баталгаажуулах шаардлагатай. Мөн хүүхэд вакцинжуулсны дараа 15-30 минутын хугацаанд ажиглалтын өрөөнд байна. Энэ нь мэдээж гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж байгаа.

Үүнээс гадна 5-11 насны хүүхэд вакцинд хамрагдсан бол яг томчуудын адил газтай ундаа, халуун ногоотой хоол зэрэг хориотой зүйлээс татгалзах, хэрэглэхгүй байх шаардлагатай. Үүн дээр ч мөн эцэг эхчүүд маш анхаарал болгоомжтой хандаж, хүүхдэдээ хараа хяналт тавих шаардлагатай. Мөн хүүхэд мар нэг зүйлээс харшилдаг, эсхүл унаж татдаг бол вакцин хийхгүй" гэлээ.

Хэрэв бага насны хүүхдэдээ ковидын эсрэг вакцин хийлгэхээр төлөвлөж байгаа бол оршин суух харъяа дүүргийн ӨЭМТ-өөс дэлгэрэнгүй мэдээлэл авч, дархлаажуулалтын цэгүүдэд очиж, цаг заваа хэмнэх хэрэгтэй.

Вакцин хийж буй өрөө болоод эмчийн үзлэгийн өрөөнд камер суурилуулж байгаа

Харин Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж дараах мэдээллийг өгсөн байна. Тэрбээр, "5-11 насны хүүхдүүдийн вакцинжуулалт эхэлсэнтэй холбогдуулан вакцин хийсний дараа үүсэх хариу урвалаас сэргийлэх, бие хямарсан тохиолдолд тусламж үйлчилгээг зөв үзүүлэх чиглэлээр мэдлэг сэргээх сургалтуудыг эмч, сувилагч нарын дунд зохион байгуулж байгаа. Өрхийн эрүүл мэндийн төвүүд вакцины цэгээр дамжуулан хүүхдүүдэд вакцинжуулалт хийж байна. Эцэг эх, асран хамгаалагч нь заавал хүүхэдтэйгээ ирэх шаардлагатай. Мөн тухайн вакцин хийж буй өрөө болоод эмчийн үзлэгийн өрөөнд камер суурилуулж байгаа. Энэ нь вакцинжуулалт болон үзлэгийг стандартын дагуу хийж байгаа эсэхийг хянах, баримтжуулах зорилготой" гэв.

Тэгвэл эцэг эхчүүд 5-11 насны хүүхдийн дархлаажуулалтыг хэрхэн хүлээн авч байгаа болон ямар байр суурьтай байгаа талаар хүргэе.

Ач зээ нартаа "COVID-19"-ийн эсрэг вакцин хийлгэхгүй

Иргэн н.Балжмаа "Би яг хоёр ачаа дагуулаад явж байна. Тэр талаар сонссон. Гэхдээ вакцин хийлгэхгүй. Учирч болох эрсдэлийг нь сайн мэдэхгүй болохоор аргагүй юм. Хүүхдүүдэд магадгүй сөрөг нөлөөтэй байх болов уу гэсэн хардлага төрж байгаа. Тиймээс ямар ч тохиолдолд хийлгэхгүй гэж бодож байна" гэв.

Вакцины хор нөлөө одоо илэрч байгаа болохоор хүүхдүүддээ вакцин хийлгэхгүй

Иргэн "5-11 насныханд вакцин хийх талаар сонссон. Гэхдээ санал нийлэхгүй байна. Одоо зарим вакцинд хамрагдсан хүмүүст вакцины нөлөө илрээд байх шиг байна. Тиймээс хүүхдүүдээ вакцинд хамруулахгүй гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ бусад хүмүүсийн байр суурийг сайн мэдэхгүй юм. Хүүхдүүдийхээ эрүүл мэндийг бодоод сайтар тунгааж байж шийдвэр гаргах нь зүйтэй байх" гэв.

Хүүхдүүд ч гэсэн дархлаажуулалтдаа хамрагдвал сайн байх

Өндөр настан Х.Балжмаа "Ковидын халдвар нэмэгдэж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр, бас ЭМЯ-наас мэдээлээд байна лээ. Энэ ч утгаараа амны хаалтыг тогтмол зүүх хэрэгтэй. Үүнээс гадна хичээлийн шинэ жил эхлэхэд халдварын тохиолдол нэмэгдэх магадлалтай байх. Миний хувьд вакцины бүх тундаа хамрагдсан. Ямар нэг асуудал үүсээгүй байна. Тиймээс бага насны хүүхдүүд маань ч гэсэн дархлаажуулалтдаа хамрагдвал сайн байх гэж бодож байна" гэв.

5-11 насны хүүхдэд вакцин хийхээс илүү халдвар хамгааллын дүрмээ барьж эхлэх нь зөв

Иргэн "Миний хувьд хүүхдүүддээ вакцин хийлгэх бодолгүй байна. Харин халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад хичээл сургуульдаа орвол арай илүү үр дүнтэй байж магадгүй юм" гэх хариултыг өгсөн юм.

Дээрх сурвалжилгаас харахад 5-11 насны хүүхдүүдэдээ вакцин хийлгэхээр төлөвлөж буй эцэг эхчүүд харъяа дүүргийн ӨЭМТ-д холбогдон мэдээлэл авч, дархлаажуулалт хэвийн явагдаж буй өрхийн эмнэлэгт очиж вакциндаа хамрагдах хэрэгтэй аж. Үүнээс гадна эцэг эхчүүд өөрийн үр хүүхэддээ вакцин хийлгэж, аз сорих шаардлагагүй, харин халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хичээлийн шинэ жилийг эхлүүлбэл илүү үр дүнтэй байх гэсэн байр суурьтай байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монголд айлчилна
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монголд айлчилна
 
Т.Ням-Очир: Улсын хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчлэхэд 160-180 тэрбум төгрөг шаардлагатай
Т.Ням-Очир: Улсын хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчлэхэд 160-180 тэрбум төгрөг шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.