Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Мөнхжаргалд холбогдох шүүх хурал өчигдөр болох байсан хэдий ч шүүх хуралдааны товыг энэ сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулсан. Түүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амарбаясгалан МАН-ын нэр хүндэд халдсан хэмээн гомдол гаргаж, прокурорын байгууллагаас Эрүүгийн хуульд заасанчлан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байгаа юм. Тэгвэл түүнээс эл шүүх хурал болон хэрэгт татагдсан үндэслэл зэргийн талаар тодрууллаа.
-Шүүх хуралдааны талаар та мэдээлэл өгөхгүй юу. Таны шүүхэд дуудагдах болсон шалтгаан, үндэслэл зэрэг дээр олон нийтийн дунд ойлголтын зөрүүтэй хандлага байна?
-МАН-ын Генсек Д.Амарбаясгалангийн зүгээс И.Мөнхжаргал нь МАН-ын албаны нэр хүндэд халдсан гэх гомдлыг гаргасан. Тус гомдол дээр нь цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм билээ. Өчигдөр шүүх хурал болох байсан ч наймдугаар сарын 17 хүртэл хойшиллоо.
Мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтийн нарийн мэдээллийг ярих боломжгүй байдаг. Миний зүгээс АН-ын дотоод асуудалд МАН төрийн байгууллагуудаар дамжуулан оролцож байна, үүнийгээ зогсоо гэж хэлсэн, буруутгасан ийм л үйлдэл. Үүний хариуд “Бид оролцоогүй, гүтгэлээ” гэдэг байдлаар гомдол гаргасан.
-Хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авсанаар тов хойшлогдсон гэсэн?
-Хохирогчийн өмгөөлөгч ирж амжаагүй, биечлэн оролцох хүсэлтийг ирүүлсэн. Манай өмгөөлөгчийн зүгээс Б.Амарбаясгалан МАН-ыг төлөөлөхгүй, хууль журмаараа намын дарга буюу Л.Оюун-Эрдэнэ төлөөлнө гэж үзсэн учраас Л.Оюун-Эрдэнээс гомдол гаргаж буй хүн нь итгэмжлэлээ авч байж ирэх ёстой гэснийг шүүх хангаж үзсэн.
-МАН-ыг төрийн байгууллагуудаар дамжуулж АН-ын үйл ажиллагаанд битгий оролц гэсний төлөө ГҮТГЭЛЭЭ гэж цагдаад өгсөн-
-Эрүүгийн хуулиар зүйчилж байгааг магадгүй өөрийг тань улс төрөөс шахаж гаргах гэсэн үйлдэл гэж олон нийт харж байна. Ер нь таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ. Энгийн иргэн бус томоохон хоёр улс төрийн хүчний Генсекүүд шүү дээ?
-Бизнесийн байгууллага байсан бол өөр хэрэг. Гэтэл эрх барьж байгаа, нийгмийн өмнө хариуцлага хүлээж, төрийн эрэг механизмыг удирдаж буй нам шүү дээ. Энэ нөхцөлд сөрөг хүчний хувиар шүүмжлэх, хардах, асуудал дэвшүүлж ярих нь бидний үүрэг. Шүүх дээр очоод буруутай зөрүүтэй мэдээлэл гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэсэн хэдий ч Эрүүгийн хуулиар ял оноох гэж яваа нь байж боломжгүй зүйл.
Дуугарч байгаа хүн бүрийг ингэж шалгуулах юм уу гэдэгт гайхаж байна. Эсвэл АН-ынхан дуугарвал ял өгдөг юм гэдгийг харуулах гэж байгаа юм байлгүй. Эрүүгийн ял хэдэн жил байсан хүний хувийн болоод улс төрийн намтарт ч хар толбо үүсгэнэ. Ойлгомжтой.
Д.Амарбаясгалангийн хувьд “60 тэрбумын схемийн талаар МАН увайгүй үйлдэл гаргасандаа уучлал хүсэж байна" гэж АТГ-ын өмнө яриа өгч байсан хүн. Ийм үйлдэл хийж байсан намын нэр хүндийг Эрүүгийн хуулиар хамгаалах гэж байна. Магадгүй өгөгдсөн мэдээлэл нотлогдохгүй байна гэж үзвэл иргэний хувиар Зөрчлийн хуулиар явж болох зүйл. Гэтэл Эрүүгийн хуулиар яллаж байна. Эрх баригч намын нэр хүндийг Эрүүгийн хуулиар хамгаалж болдоггүй юм. Эрүүгийн хуулиар далайлгаж АН-ын амыг барих гэж байгаа бол уучлаарай. 200 мянган гишүүнтэй намын амыг нэг хүнээр барих гэж байгаа бол тийм зүйл байхгүй. Чаддаг юм бол эндээс ирээд ачаарай. Д.Амарбаясгалаан, АН-ыг тайван орхи.
-Цаг үеийн асуудлаас гадна намын нөхцөл байдлын талаар тодруулья. Танай АН өнгөрөгч тавдугаао сард УДШ-ээс Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ түр хугацаагаар татан авсан. Одоо намын дотоод нөхцөл байдал ямар байна вэ. Х.Баттулгыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ дахин хүргүүлэх үү?
-Намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг дахин Дээд шүүхэд хүргүүлнэ. Түүний өмнө нам дотооддоо ойлголцол, зөвшилцөх тал дээр яваа. Дууссаных нь дараа материалаа Дээд шүүхэд хүргүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.