Экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг шалгах үүрэг чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн байгууллагууддаа өгсөн. Төмөр замтай холбоотой асуудал бол монголчууд ойрын хэдэн жилдээ хэрэлдээд дуусахгүй сэдэв.
Яагаад баригдаагүй, хэн бариулаагүй, хэний ямар ашиг хонжоо ард нь явсан гээд тоолж барахгүй их асуулт, асуудал бий. Мэдээж энэ бүхэнтэй шууд утгаараа холбогдох ганц хүн бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга юм. Ерөнхий сайдыг энэ сэдвийг барьж авсанд олон хүн талархаж байгаа ч эцэстээ асуудал хэрхэн шийдэгдэхийг нь одоогоор хэлж мэдэхгүй байгаа юм. Ямартаа ч арав гаруй жил гацаж, Монголын эдийн засгийн тусгаар тогтнолыг үгүй хийсэн төмөр замыг ажлыг гацаагчийг шалгах болсон нь сайшаалтай хэрэг.
Тэгвэл төмөр замын асуудал бол овоолсон шорооноос эхлээд дөнгөж сая барьж дууссан Тавантолгой – Зүүнбаян чиглэлийн төмөр хүртэлх бүхий л санхүүжилтийг нийтэд ил болгохоос ажлаа эхлүүлэх ёстой. Ерөнхий сайд шалгалтын ажлаа үр дүнтэй болгохын тулд улсын нууцад оруулчихсан гээд байгаа төмөр замтай холбоотой санхүүжилт, зарцуулалтын схемийг ил болгох нь зүйтэй. Ингэсэн нөхцөлд хэн нь хэзээ, ямар санхүүжилтийг хэн, яаж буруу гараар урсгасан нь ойлгомжтой харагдана.
Өнгөрсөн олон жилийн хугацаанд төмөр замыг гацаасан “хэрэг”-ээс гадна төмөр замаар дамжуулж асар их хэмжээний мөнгө буруу замаар зувчуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, төмөр замын хэрэг бол бүхэлдээ төсөв, мөнгө “хуссан” хэрэг юм. Санхүүгийн асуудалтай холбоотой ганцхан жишээ дурдахад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тэргүүтэй хэд хэдэн гишүүд цэргүүдээр бариулж байгаа төмөр замд нэг ширхэг талхыг 20 мянган төгрөгөөр шахаж байгаа гэх агуулгатай зүйл хэлж байв. Хэрэв энэ үнэн бол түүний цаадах шахаа, хулгай, тендерийн будилаан бол жинхэнэ “далай” гэсэн үг юм.
Тиймээс төмөр замтай холбоотой асуудлуудыг шалгах ажлаа санхүүжилт, түүний зарцуулалтыг нь олон нийтэд ил тод болгож байгаад эхлүүлэх нь хамгийн зөв алхам. Хэрэв ингэхгүй бол нэг нь гүтгэсэн, нөгөөх нь хий гүтгүүлсэн мэтээр иргэдийн толгойг өлхөн угаачихаж дөнгөх “авьяас” Х.Баттулгын багт бий.
Л.Баяр