Өнөөдөр 14.00-14.30 цагийн хооронд буюу 30 орчим минут үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд эвдрэл үүсчээ. Тодруулбал, Дарханы замын бүтээн байгуулалтын ажлын нэгдүгээр багц хэсэг буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модотын давааны ар хүртэлх авто замын 13 дахь км дэх авто замын 140 метр газар үерийн усанд угаагдсаны улмаас асфальтбетон хучилтад эвдрэл үүссэн байна.
Зам, тээврийн хөгжлийн яам, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран тухайн зам дээр ажиллаж байгаа ба талбай дээр эвдрэлийн тоо хэмжээг тогтоож, хэрхэн засварлах талаар хэлэлцэж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч байна. Түүнчлэн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөн хаагдаагүй, хэвийн үргэлжилж байгаа талаар салбар яамнаас мэдээллээ.