Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдааны үеэр Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат болон Улсын заан Н.Жаргалбаяр нарын ярианы бичлэг дэлгэгдсэн билээ. Энэхүү бичлэг дэх Улсын заан Н.Жаргалбаяр “Хэд юм бэ” гэж асууж байгаа нь, “Тоогоо хэл” гэж буй Н.Энхбатын яриа цолны найраа байдаг гэдгийг тодхон гэрчилнэ. Тэгвэл эдгээр хоёр хүнийг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаад байсан.
Орлогч дарга Н.Энхбат нь Өмнөговь аймгийн Засаг даргын Уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчны асуудал хариуцдаг. Өмнө нь аймгийн “Хаанбанк”-ны салбарын захирлаар 2010-2020 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд тус аймгийн ИТХ-д гурван удаа сонгогдож байсан.
Тэгвэл түүнийг АТГ-аас дуудаж, цолны найрааны асуудлаар мэдүүлэг авсан эсэхийг өөрөөс нь тодрууллаа.
-Улсын наадмаар та Улсын заан Н.Жаргалбаяртай утсаар ярьсан бичлэг цацагдсан. Тэр таны дуу хоолой мөн биз дээ?
-Юун улсын наадам бэ. Аль хэдийнэ өнгөрчихөөд байхад. Би одоо сумын наадам дээр явж байна.
-Таныг АТГ-аас дуудаж, мэдүүлэг авсан уу. Гадуур тийм мэдээлэл цацагдсан?
-Дуудаж асуугаагүй. Тэгээд ч яасан гэж...
Тэрбээр ийм тайлбар өгөөд утсаа тасаллаа.
Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбатын албан тушаал статус нь нь төрийн улстөрийн албан хаагч.
Энэ утгаараа Төрийн албаны зүгээс ёс зүйн талаас ямар нэг алхам хийх боломж хомс. Харин АТГ-аас утасны дээрх яриаг гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл албан үүргээсээ түдгэлзэж шалгуулах эрх зүйн орчин бүрдэнэ. Үүнээс наана ажил албаа хэвийн үргэжлүүлэх боломжтой.
Ташрамд дурдахад, тэрбээр АТГ-т мэдүүлснээр 1.9 сая төгрөгийн цалинтай. 104 сая төгрөгийн нэг орон сууц, 60 сая төгрөгийн үнэтэй 51 га газар, 48 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, 18 сая төгрөгийн хадгаламж, 55 сая төгрөгийн зээлтэй юм байна.
Харин ИТХ-ын төлөөлөгч байхдаа малгүй байсан юм байна. Гэтэл Засаг даргын орлогч болоод хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ 75 сая төгрөгийн үнэ бүхий хоёр үхэр, 59 ямаа, 36 хонь, 47 адуу, хурдан удмын 10 адуутай гэж мэдүүлсэн нь анхаарал татав.