"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын одоогийн дарга Х.Бадамсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийг томилох тухай яриа гараад буй. Эл яриа гарах үед Б.Цэнгэл дарга гадаадад албан ажлаар явж таарсан учир элдэв тайлбар хийгээгүй.
Гэвч дээрх яриа оргүй биш гэдгийг батлах үйл явдал өнгөрсөн долоо хоногт боллоо. Энэ нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас Хэнтий аймгийн Бэрх тосгоны далд уурхайн музейд Очирваань бурхан, түүний дагалдах бурхдыг бүтээж, залах ажлын тендертэй холбоотой асуудал. Эл тендер зарлагдсан даруйдаа олны хэл амын бай болж багагүй дуулиан тарьсан. Тиймдээ "Эрдэнэт үйлдвэр"-ийн хүсэлтээр тендер шалгаруулалтыг зогсоосон байдаг. Нийт 415 сая төгрөгийн тендерийн асуудал ингээд намжаагүй.
Энэ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд уурлаж загнасан гэх мэдээлэл.
Тэрбээр Х.Бадамсүрэн захиралд "Надад сайн хүн болох гэж ийм заваан ажил хийх хэрэггүй. Төрийн хэмнэлтийн горимыг баримталж, төрийн өмчийн зүй бус зарцуулалт гаргахгүй бай" гэж хатуу анхааруулга, загнасан аж.
Хэрвээ эл мэдээлэл үнэн бол Х.Бадамсүрэн дарга үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх сууриа засчих шиг боллоо. Учир нь Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхаасаа "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн өмч хувьчлалаар малгай хийж ирсэн. Тиймдээ ч "сахал" Д.Эрдэнэбилэг тэргүүтэй Худалдаа хөгжлийн банкныхны луйвар, дээрмийг илрүүллээ гэж олонтаа мэдэгдэж байв.
Үүнийхээ ачаар ч Ерөнхий сайдын сэнтийд суусан нэгэн.
Энэ утгаараа "Эрдэнэ үйлдвэр" бол түүний мөнхийн эмзэг сэдэв, дагаад пиар-ынх нь мөнхийн ташуур.
Тиймээ ч барагтай аавын хүүгийн халдаж зүрхлэн "томорч" үзээгүй Х.Бадамсүрэн даргад чангахан сануулга өгсөн нь энэ. Хэдийгээр дээрх асуудал Х.Бадамсүрэн даргыг чөлөөлөх шууд үндэслэл болохгүй ч жижигхэн ч шалтаг, шалтгаан болох нь тодорхой. Үүнийг ч тендерийн мэдээлэл хуй салхи мэт хурдан тархсанаас харж болохоор.Одоо тэрбээр хэзээ үүрэгт ажлаа өгч, "Эрдэнэт үйлдвэр"-т халаа сэлгээ хэзээ хийх бол гэдгийг харах л үлдлээ.