Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Давааням: Унаач хүүхдийн амь насыг хамгаалах ёстой Засаг дарга намайг зодож, хамгаалах хувцасгүй хүүхдийг уралдаанд ОРОЛЦУУЛСАН

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 8 секунд

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын 70 жилийн ойн баяр наадмын Их насны морьдын уралдаанд хамгаалалтын хувцас өмсөөгүй, найман нас хүрээгүй унаач хүүг уралдуулах байх шийдвэрийг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын мэргэжилтэн Д.Давааням гаргажээ. Гэтэл Эрдэнэхайрхан сумын Засаг дарга А.Балжир түүний биед халдаж, хэл амаар доромжилсон байна.

Тиймээс Завхан аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын газрын мэргэжилтэн Д.Даваанямтай ярилцаж тухайн үед болсон үйл явдлын талаар тодрууллаа.

-Сумын 70 жилийн ойн наадмын үеэр Засаг дарга А.Балжир таны биед халдаж, хэл амаар доромжилслон гэх мэдээлэл ирсэн. Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Тухайн өдрийн 09.00 цагийн үед Их насны морьдын уралдаан эхлэхийн өмнө 046 дугаартай хээр морины хүүхэд хамгаалалтын хувцас буюу цээживч өмсөөгүй байсан. Тиймээс "Хамгаалах хувцас гүйцэт өмсөөд гараад ир" гээд явуулсан юм. Гэтэл ланд крузер-200 автомашинаас шар дээлтэй хүн бууж ирээд "Явуулчихаач дээ. Нэгэнт хэмжилтэндээ орчихсон юм чинь" гэсэн. Тэгэхээр нь "Би ажлаа хийж байна. Хамгаалалтын хувцас өмсөөгүй тохиолдолд хүүхэд гэмтэж, бэртэх аюултай" гэж хэлээд "Явуулахгүй" гэхэд "Чи яасан том дуутай юм" гээд шууд шанаадсан. Би тэр хүнийг сумын Засаг дарга гэж мэдээ ч үгүй.

-Та хуулийн байгууллагад хандсан уу?

-Мэдээж хандсан. Тэр өдрөө хэсгийн төлөөлөгчид нь очиж өргөдөл бичиж өгсөн. Тухайн үед хэсгийн төлөөлөгч нь "Би таны өргөдлийг хүлээж авлаа. Хоёулаа Засаг даргатай очиж уулзъя" гэсэн. Засаг дарга дээр нь очтол намайг учир зүггүй загнаж, хэл амаар доромжилсон.

-Таны биед халдаж, хэл амаар доромжилж байх үед хажууд тань нь гэрч байсан уу?

-Тухайн морины уяач, цагдаа болон Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд залуучууд хөгжлийн газрын мэргэжилтэн, хэсгийн төлөөлөгч зэрэг олон хүн байсан. Хэрэв тэр хүмүүс байгаагүй бол дахиад ч биед халдах байсан байх. Хэл амаар их ч доромжилсон.

-Бусад унаач хүүхдүүд дундаас хамгаалалтын хувцас өмсөөгүй, морь унах нас нь хүрээгүй зэрэг зөрчил илэрсэн үү?

-Азарганы уралдаанд хоёр хүүхэд хамгаалах хувцас өмсөөгүй байсныг уралдаанд гаргаагүй авч үлдсэн. Энэ чинь хүүхдийн амь настай холбоотой зүйл шүү дээ. Хайнга хандаж огтхон ч болохгүй.

-Та хүүхдүүдийн амь насыг хамгаалах үйлдэл хийж байхад таныг эсэргүүцэж биед тань халдаж хэл амаар доромжилно гэдэг байж боломгүй зүйл. Ялангуяа сумын Засаг дарга нь ийм үйлдэл хийж байна.

-Яг тийм. Харин ч сумын Засаг дарга бидэнтэй хамтарч ажиллаж, шаардлага тавих ёстой. Гэтэл хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахаар ажиллаж байгаа биднийг эсэргүүцэж унаач хүүхдийн амь насыг эрсдэлд оруулсан. Хуулийн байгууллагаар эцсээ хүртэл явж шийдвэрлүүлнэ.

-Тухайн 046 дугаартай хүүхэд уралдаандаа оролцсон уу?

-Би хэдий эсэргүүцсэн ч А.Балжир гэх хүн уралдаанд оролцуулсан. Азаар хүүхэд бэртэл гэмтэлгүй уралдаанд оролцоод ирсэн.

-Баярлалаа.

Бид Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг дарга А.Балжиртай утсаар холбогдож уг асуудлын талаар тодрууллаа.

-Сайн байна уу. Унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалахаар ажиллаж байсан мэргэжилтний биед таныг халдсан гэх мэдээлэл байна. Яг ийм зүйл болсон юм уу?

-Яг ч ийм зүйл болоогүй. Сэтгүүлчид яагаад ийм ташаа мэдээлэл цацаж байгааг ойлгохгүй байна.

-Тэгвэл тухайн үед яг юу болсон юм бэ?

-Их насны нэг морины хүүхэд цээживчгүй байсан. Гэтэл уралдуулахгүй гэхээр нь “Юун сүртэй юм. Уралдуулчихаач” гээд түлхсэн.

-Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын мэргэжилтнийг та түлхсэн юм уу?

-Үгүй ээ, би түлхээгүй. Зүгээр л “уралдуулчихаач” гэж хэлсэн.

-Та түрүүн түлхсэн гэж хэлсэн шүү дээ?

-Үгүй, үгүй. Түлхээгүй. Тэгээд ч тэр хүнийг би танихгүй.

-Огт танихгүй гэж үү?

-Огт танихгүй. Завхан Мандалын хүн гэл үү дээ. Мэдэхгүй.

-Сумын наадмын үеэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас хүмүүс очсон уу?

-Ирчихсэн. Ажиллаж л байгаа харагдсан. Би харьцаа ч үгүй.

Тэрбээр ийм тайлбар өгсөн юм. Ямартай ч хуулийн байгууллагаас уг асуудлыг эцэслэн шалгаж, үнэн мөнийг тогтоон буруутай этгээдтэй хариуцлага тооцно гэж найдаж байна.

Дашрамд дурдахад, 2022 он гарсаар хурдан морины нийт 82 уралдаанд 3800 гаруй унаач хүүхэд оролцсон. Эдгээрээс 9 хүүхэд гэмтэж бэртсэнээс нэг хүүхэд амиа алдсан. Сүүлийн хоёр сарын хугацаанд 13 хүүхэд мориноос унаж бэртэж гэмтсэнээс найман хүүхэд нь нас барсан. Бусад таван хүүхэд нь хүнд гэмтэл авсан, ухаан ороогүй байдалтай байна. Тиймээс хуулиа дагаж мөрдөхийг орон нутгийн удирдлагуудад анхааруулж байна гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байсан юм.

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг дарга унаач хүүхдийг хамгаалсан мэргэжилтнийг зодсон атлаа ҮГҮЙ ГЭЖ ГҮРИЙВ
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг дарга унаач хүүхдийг хамгаалсан мэргэжилтнийг зодсон атлаа ҮГҮЙ ГЭЖ ГҮРИЙВ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.