Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг дарга унаач хүүхдийг хамгаалсан мэргэжилтнийг зодсон атлаа ҮГҮЙ ГЭЖ ГҮРИЙВ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 30 секунд

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын 70 жилийн ойн баяр наадам энэ сарын 16-нд болсон билээ. Баяр наадмаар хурдан морины уралдаан зохион байгуулагдах үеэр хамгаалалтын хувцас өмсөөгүй, найман нас хүрээгүй гэдэг шалтгаанаар нэг унаач хүүхдийг уралдаанаас хасахаар болж. Гэтэл уг шийдвэрийг гаргасан Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын мэргэжилтний биед сумын Засаг дарга А.Балжир биед нь халджээ.

Тиймээс сумын Засаг дарга А.Балжиртай утсаар холбогдож энэ талаар тодрууллаа.

-Унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалахаар ажиллаж байсан мэргэжилтний биед таныг халдсан гэх мэдээлэл байна. Яг ийм зүйл болсон юм уу?

-Яг ч ийм зүйл болоогүй.

-Тэгвэл тухайн үед яг юу болсон юм бэ?

-Их насны нэг морь цээживчгүй байсан. Гэтэл уралдуулахгүй гэхээр нь “Юун сүртэй юм. Уралдуулчихаач” гээд түлхсэн.

-Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын мэргэжилтнийг та түлхсэн юм уу?

-Үгүй ээ, би түлхээгүй. Зүгээр л “уралдуулчихаач” гэж хэлсэн.

-Та түрүүн түлхсэн гэж хэлсэн шүү дээ?

-Үгүй, үгүй. Түлхээгүй. Тэгээд ч тэр хүнийг би танихгүй.

-Огт танихгүй гэж үү?

-Огт танихгүй. Завхан Мандалын хүн гэл үү дээ. Мэдэхгүй.

-Сумын наадмын үеэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас хүмүүс очсон уу?

-Ирсэн. Ажиллаж байгаа харагдсан. Би харьцаа ч үгүй.

-Хамгаалах хувцасгүй хэчнээн унаач хүүхэд байсан юм бэ?

-Нэг ч байгаагүй. Манай сумынхан тийм зүйл хийдэг ч хүмүүс биш.

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг дарга А.Балжир дээрх тайлбарыг өгсөн юм.

Тиймээс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга Н.Онолбаатартай утсаар холбогдож тодруулга авлаа. Тэрбээр “Тухайн үед манай газрынхан Эрдэнэхайрхан сумын 70 жилийн ойн баяр наадамд очиж хяналт тавьсан юм.

Гэтэл манай мэргэжилтний биед сумын Засаг дарга халдсан.

Энэ бол байж болохгүй үйлдэл. Сумандаа хуулийн хэрэгжилтийг хангуулах ёстой хүн нь Засаг дарга. Гэтэл унаач хүүхдийн эрхийг хамгаалахаар ажиллаж байгаа төрийн албан хаагчийн биед халдах нь ёс зүйгүй үйлдэл мөнөөс мөн. Тиймээс цагдаагийн байгууллагад хандсан” гэлээ.

Эндээс эх сурвалжууд зөрүүтэй мэдээлэл өгч байгаа нь харагдсан байх. Тиймээс унаач хүүхдийн эрхийг хамгаалах үеэрээ сумын Засаг дарга А.Балжирт зодуулсан гэх мэргэжилтэнтэй утсаар холбогдсон юм.

Тэрбээр "Намайг шанаадсан нь үнэн.

Тухайн үед түүнийг Засаг дарга гэдгийг ч мэдээгүй. Унаач хүүхэд хамгаалах хувцас өмсөөгүй байна. Унаж гэмтэх эрсдэлтэй гэхэд "Юун сүртэй п.. вэ" гээд шууд шанаадсан" гэдэг тайлбарыг манай сайтад өгсөн юм.

Уг ярилцлагыг бид тун удахгүй бүрэн эхээр нь уншигч танд хүргэх болно.

Г.Нацаг-Эрдэнэ

Гэмт хэргийн тоо 90 орчим хувиар өсжээ
Гэмт хэргийн тоо 90 орчим хувиар өсжээ
 
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.