Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Цагааннуур боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажиллаж буй ес дэх боомт юм.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 155 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах авто замын Цагааннуур боомтыг 24 цагийн байнгын ажиллагаанд шилжүүлсэн. Цагааннуур боомтоор ОХУ-аас баруун аймгуудын хэрэглээний нефть болон хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээл, бусад бараа бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирдэг. Үүнд шатах тослох материал 60 хувь, малын тэжээл 15 хувь, хүнсний зүйл болон бусад бараа материал 25 хувийг эзэлж байна. Тус боомтын хувьд байнгын ажиллагаатай болсноос хойш зорчигч болон ачаа тээврийн эргэлт эрс нэмэгдэж энэ онд улсын төсөвт 30 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлээд байна.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгон өргөтгөсөн бол одоо олон улсын транзит хурдны зам барих, хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажил хийгдэж байна. Цагаануур-Улаанбайшинт чиглэлийн 27,8 км автозамын ажил өнгөрсөн жилээс эрчимжиж ирэх 8-р сард ашиглалтад орохоор хүлээгдэж байна. Энэ зам ашиглалтад орсноор Монгол Улсын импортын ачаа тээврийн хэмжээ нэмэгдэхээс гадна ОХУ, БНХАУ-ын хооронд манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит тээврийн олон улсын нэг том гарц бий болох юм.