Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Дархлаажуулалтын 30 цэгийн нэг цэг нь л өдөрт 4-5 хүнийг вакцинжуулж байна

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
11 минут 28 секунд

No description available.

Коронавируст халдварын тархалтыг хяналтад оруулж чадсан хэмээн олон улсад зарлаж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулснаас хойш даруй дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол ч эрс буурч 100 дотор хэлбэлзэх болсон. Ийнхүү халдвар буурсантай холбогдуулан цар тахлын эсрэг авах зарим хариу арга хэмжээний зохион байгуулалтад ч өөрчлөлт орох учиртай. Тухайлбал, дархлаажуулалтын цэгүүдийн тоог багасгаж, үргүй зардлыг хэмнэх хэрэгтэй хэмээн олон нийт шүүмжилж буй. Тэгвэл нийслэлд ажиллаж буй дархлаажуулалтын цэгүүдэд өнөөгийн нөхцөлд ямар зохион байгуулалттай ажиллаж байгаа талаар сурвалжиллаа.

-Халдварын оргил үед нийслэлд дархлаажуулалтын цэгийн тоог 229-д хүргэж байжээ-

Халдварын тархалт болон дархлаажуулалтын явц шууд байдлаар холбоотой болохыг хэд хэдэн тоон үзүүлэлтээс харж болно. Тухайлбал, өнгөрөгч оны арванхоёрдугаар сард омикрон хувилбарын дэгдэлт үүссэн. Эл үед нийслэлд 209 багийн 1200 гаруй эмч ажилчид багтсан явуулын болон суурин 229 дархлаажуулалтын цэг ажиллаж байжээ. Харин өнөөдрийн нөхцөлд дархлаажуулалтын цэгийн тоо 30 болж буурсан ба тус цэгүүдэд 110 эмч ажилтан ажиллаж буй.

-"ЭЗЭНГҮЙ" цэг-

No description available.

Тэгвэл дархлаажуулалтын цэгүүд ямар нөхцөд байдалд ажиллаж байна вэ гэдэг анхаарал татна. Манай улсад 1-3 дугаар тунгийн дархлаажуулалтын хувь өндөр байгаа. Үүнтэй холбоотойгоор дархлаажуулалтын цэгийг зорих хүн ч тун ховор болсныг Сүхбаатар дүүргийн эрүүл мэнд төв дээр ажиллаж буй цэгийн нөхцөл байдлаас ажиж болохоор байв. Цэгүүд 16:00 цаг хүртэл ажиллаж буй. Бид өдөр 14 цаг орчимд очиход дархлаажуулалтын цэг эмч, ажилчдаас бусдаар "эзгүй" байлаа. Цаг хэртэй болоход ковидын вакцинд хамрагдахаар хүн орж ирсэнгүй. Өнөөдөр эл цэгт ердөө таван хүн л вакцин хийлгэхээр иржээ. Тэгвэл цэгийн зохион байгуулалт, ачаалал зэргийн талаар Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалт хариуцсан эмч Г.Гантуяагаас тодрууллаа.

-Өдөрт 4-5 хүн л вакцинд хамрагдахаар ирж байна-

No description available.

-Сүхбаатар дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын ажлын явц ямархуу байна вэ?

-Он гарсаар буюу эхний 7 сарын байдлаар дүүргийн хэмжээнд 12542 хүн ковидын вакцинд хамрагдсан. Үүнийг тунгаар задалбал, I тунд 376, II тунд 541, III тунд 5356, IV тунд 6264 хүн хамрагдсан бол V тунд 5 иргэн хамрагдсан. Файзер болон Вероселл вакцинуудыг хийж байгаа. Омикрон хувилбарын давлагаатай холбоотойгоор энэ оны нэгдүгээр сард вакцинжуулалтад хамрагдах иргэдийн идэвх хамгийн өндөр байсан. Омикроны дэгдэлт буурч, өвчлөлийн тоо багассантай холбоотойгоор вакцины хамрагдалт дагаад буурсан.

-Тухайлбал, танай дархлаажуулалтын цэгт өдөрт хэчнээн хүн вакцин хийлгэхээр зорин ирж байна вэ. Ачаалал эрс буурсан байх шиг байна?

-Тийм ээ. Тухайлбал, халдварын эрч ихтэй саруудад дүүргийн хэмжээнд өдөрт 350 орчим хүн вакцинд хамрагдаж байсан бол өнөөдрийн байдлаар 20 болтлоо буурсан байна. Манай цэгт өнөөдөр дөрвөн хүн л вакцинд хамрагдлаа. Ер нь өдөрт тогтмол 4-5 хүн л хамрагддаг болсон. Он гарсаар нэг болон хоёрдугаар саруудад хамрагдах иргэдийн тоо өндөр байсан. Харин өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхэлж багасаж эхэлсэн.

-Олон нийтийн дунд цар тахлын нөхцөл байдалдаа тааруулаад дархлаажуулалтын цэгүүдийн тоог багасгах шаардлагатай гэж харж байгаа. Танай дүүрэгт цэгүүдийн тоонд өөрчлөлт орсон уу?

-Орсон. Ковидын дэгдэлт өндөр үед дүүргийн хэмжээнд 16 цэг ажиллаж байсан. Тархалтын түвшинтэй холбоотойгоор өнөөдрийн байдлаар хоёр цэг болж буурсан. Зургаадугаар сард таван цэг ажиллаж байсан юм. Ер нь цэгүүдийн тоо буурч байгаа.

-Эмч ажиллагсдын хувьд ямар зохион байгуулалтад орж ажиллаж байгаа вэ?

-Өмнө хэлсэнчлэн цар тахлын үед дархлаажуулалтын цэгүүдэд хүч нэмэгдүүлэн ажиллаж байсан шүү дээ. Одоо бол нөхцөл байдал ч өөр. Манай цэг дээр л гэхэд нэг эмч, нэг сувилагч гэсэн байдлаар л ажиллаж байгаа.

-Сүхбаатар дүүрэгт V тунд таван хүн хамрагджээ-

Олон нийт тавдугаар тун гэхэд гайхаж болох юм. Учир нь, манай улсад тавдугаар тун хийж эхлэх тушаал гараагүй. Харин тус Сүхбаатар дүүргийн хэмжээнд таван хүн тавдугаар тун хийлгэсэн гэх яриаг тодруулахад тэрбээр "Энэ таван хүн нь гадаад улс руу зорчих зорилгоор тавдугаар тунг хийлгэсэн. Ингэхдээ тус улсаас нь Файзер вакцины гурван тунг нэхсэн учраас ХӨСҮТ-өөс албан ёсны зөвшөөрөл авч хийлгэсэн. Түүнээс биш бид дур мэдэн тавдугаар тунг хийсэн асуудал биш. Өөрөөр хэлбэл, эхний хоёр тунгаа өөр улсын вакцинаар хийлгэсэн байсан хүмүүс гэсэн үг" гэлээ.

-Дархлаажуулалтыг зогсоочихож болохгүй. Одоогийн нөхцөлд 30 дархлаажуулалтын цэг гэдэг боломжийн үзүүлэлт-

No description available.

Дархлаажуулалтын цэгүүдэд хийгдэж буй зохион байгуулалтын талаар НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүхээс тодрууллаа.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэл буурсан. Вакцинжуулалтын цэгүүдийн ч ачаалал эрс буурсан нь харагдаж байна. Энэ нөхцөл цэгүүдэд ямар зохион байгуулалтыг хийж ажиллаж байна вэ. Цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулан цэгүүдийнхээ тоог багасгаж, үргүй зардлаа багасгах хэрэгтэй хэмээн шүүмжлэх иргэд их байна?

-Цар тахлын дэгдэлт өндөр үед хүний нөөцийг бид нэмэгдүүлж ажиллаж байсан. Харин одоо бол халдварын тархалт ч буурч, тохиолдлын тоо ч багасаж байгаа үе. Үүнтэй холбоотойгор ковидын үеийн тусламж үйлчилгээнд ажиллаж байсан эмч, ажилчдын тоог ч цөөрүүлэх нөхцөл бий болж байгаа юм. Гэвч нөгөө талдаа ковидын өвчлөл огт бүртгэгдэхээ больчихсон зүйл байхгүй. Өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 100 дотор хэлбэлзэж байна шүү дээ.

Гэхдээ цэгүүд цөөрсөн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 30 орчим цэгт 110 эмч ажилтан ажиллаж байна. Энэ бол буурсан үзүүлэлт. Дархлаажуулалт бол коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх гол арга учраас түүнийг зогсоох, дархлаажуулаад болчихлоо гэх асуудал байхгүй. Тасралтгүй явуулах гэдэг зарчмыг л баримталж байгаа.

-Гэхдээ зарим цэгүүдэд өдөрт 4-5хан хүн л вакцинд хамрагдаж байна шүү дээ. Эсвэл олон цэгүүд бус даацтай хэдэн том цэг байлгахаар зохион байгуулж болохгүй байгаа юм уу?

-Өдөрт хамгийн ихдээ 130 орчим хүн вакцины тунд хамрагдаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэл буурчихсан хэдий ч дархлаажуулалтын цэгүүдийн үйл ажиллагааг зогсоохгүй. Хоёрдугаарт, одоогийн нөхцөлд эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулах чиглэлд бодлого барьж байгаа.

Ингэхдээ цомхон бөгөөд ашигтай ажиллая л гэж байгаа юм. Олон нийтийн түгээмэл үйлчлүүлж байгаа дархлаажуулалтын цэгийг сонгох аль эсвэл хүн ам ихтэй 2-3 хороод дунд нэг цэг байхаар зохицуулалтуудыг хийгээд явж байна. Одоо ажиллаж байгаа дархлаажуулалтын 30 цэг бол боломжийн түвшинд гэж харж байгаа. Хэт багасгах асуудлыг ярьж болохгүй байгаа юм.

-Наадмын өдрүүдэд дархлаажуулалтын хоёр цэг л ажиллана-

-Наадмын өдрүүдэд ч цэгүүд бүгд ажиллах юм уу?

-Наадмын өдрүүдэд дархлаажуулалтын цэгүүдийн тоо хэмжээг багасгаж байгаа. Хоёр л цэг ажиллана. Тодруулбал, Сүхбаатарын талбай болон Шангрилла зочид буудал гэсэн хоёр цэгт л дархлаажуулалтыг хийнэ. Бусад цэгүүд амарна. Мөн урин дулааны улирал ирсэнтэй холбоотойгоор аялал жуулчлал ихэсдэг. Гадаадын жуулчдаас дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй иргэд байхыг үгүйсгэхгүй гэдэг утгаараа тус хоёр цэгийг ажиллуулж буй юм. Тодорхой хугацаанд өвчлөлийн нөхцөл байдалтай холбогдуулан дархлаажуулалтын цэгүүдийн тоог ихэсгэх, багасгах асуудлыг ярьж таарна.

-Ковидын оргил үед дархлаажуулалтын цэгүүдэд хүний нөөц тал дээр хүч нэмэгдүүлэн ажиллаж байсан. Иймдээ ч эмч ажилчдад хатгалтын тоо, илүү цаг гэх мэтээр нэмэлт урамшууллуудыг олгодог байсан. Энэ хэвээр байгаа юм уу?

-Одоо ажиллаж буй цэгүүдэд тухайн дархлаажуулалт хариуцсан эмч, сувилагч нар л ажиллаж байгаа шүү дээ. Мэдээж цар тахлын үед илүү цагаар ажилладаг, ажиллах нөхцөл зэргээс шалтгаалж урамшууллыг олгож байсан. Одоо бол хуулийнхаа дагуу илүү цагийн хөлсийг л олгоод явж байгаа.

-Нийслэлд өдөртөө 130 орчим хүнийг хамруулчих хэмжээний дархлаажуулалтын цөөн цэгийг ажиллууллъя-

Ковидын дэгдэлт байх үед зарим цэгүүд нь вакцин хийлгэх иргэдээ хүлээн суухад нөгөө талд дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй иргэд оочер дарааллаа барьж зогсох нөхцөл байдал ажиглагдаж байсан. Энэ бол цэвэр зохион байгуулалтын асуудал.

Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд вакцинжуулалтын цэгүүдэд зохион байгуулалт гэдэг зүй үгүйлэгдсээр ирсэн. Өнөөгийн нөхцөлд ч дутагдалтай тал хэд хэд бий. Өдөрт нэг цэг дээр 4-5, цаашилбал дүүргийн хэмжээнд 15-20 хүн л вакцинд хамрагдаж байхад энд тэнд байрласан дархлаажуулалтын цэгүүдийнхээ зохион байгуулалтад анхаарах шаардлагатай байна. Нийслэлд дунджаар өдөрт 130 орчим хүн вакцин хийлгэж байгаа тоон үзүүлэлттэй байна. Ийм байхад одоо байгаа 30 цэгээ бууруулж дархлаажуулалтын томоохон бөгөөд цөөн цэгтэй болох саналыг иргэд хэлсээр буй юм.

Улаанбаатарт 19 хэм дулаан, бороотой
Улаанбаатарт 19 хэм дулаан, бороотой
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.