Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар урлаг судлаач, хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзунд өнөөдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн. Тэрбээр "Би урлагийн салбарт 50 жилийг өнгөрүүлж байна. Сүүлийн 20 жилийн турш багш, продюсер гээд хөгжмийн салбарт олон уран бүтээлчтэй хамтарч уран бүтээл хийлээ. Би өөрөө тайзны ард байдаг хүн учраас уран бүтээлчдийнхээ амжилтаар үргэлж бахархаж явдаг.
Өнөөдөр Дуучин Наагий маань шагнал авч байна. Би өөрөө шагнал авч байгаа хэдий ч дууг нь продюсерладаг Наагийгаа хараад өмнөөс нь их баярлаж байна. Өөрийнхөө цаг үед амжилт бүтээл гаргаж байгаа урлаг соёл, нийгэм , эдийн засаг гээд олон үеийн уран бүтээлчтэй хамт төрийн хүндэт одон медалыг авч байгаадаа их баярлаж байна.
Гайхалтай өвгөд буурал ахмадуудынхаа засаж өгсөн замаар явж уран бүтээлээ туурвисны ачаар бяцхан ажил үйлсийг маань үнэлж хүндтэй шагнал өглөө. Тиймээс цаашдаа улам хариуцлагатай байж, ихийг хийнэ гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Шагнал авах үедээ тэнгэрт байгаа өвөө аавыгаа их бодож суулаа. Би энэ шагналыг илүү оройтож авна гэж бодож байсан. Өөрийнхөө дэмждэг бүх уран бүтээлчдийнхээ дараа өөрийгөө хамгийн сүүлд үлдэнэ гэж боддог байлаа" хэмээсэн юм.