Баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулж батласантай холбогдуулан ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг үндэсний бөхийн барилдааны цол олгохтой холбоотой зарим зохицуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Бөхийн цолтой холбоотой үүсэж байсан маргааныг эцэлэж хуульчилсан.
Өөрөөр хэлбэл, Улсын арслан цолтойгоос доош цолтой бөх 1024 бөхийн барилдаанд түрүүлбэл Улсын аварга цол,. Улсын арслан цолтой бөх түрүүлбэл Даян аварга болно. Харин үзүүрт үлдвэл Улсын аварга цол хүртэнэ.
Цаашдаа монгол бөхийн цолны үнэлэмжийг сайжруулах үүднээс аварга цолтой бөх заавал түрүүлсэн байх шаардлагыг тавьж байгаа. Тодруулбал 1024 бөхийн барилдаанд үзүүрлэж, Улсын арслан цол авсан бөх дараа удаагийн 1024 бөхийн барилдаанд бас үзүүрлэвэл аварга цол авч чадахгүй. Харин чимэг л авна гэсэн үг. Улсын наадмын 524 болон 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхчүүд Улсын аварга, Даян аварга, Дархан аварга гэх хүндтэй цолыг авна" гэлээ.
Мөн "Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд допинг хэрэглээгүй нь нотлогдсон тохиолдолд Ерөнхийлөгч ёслолын арга хэмжээ зохион байгуулж, цол олгохоор тусгасан байсан. Гэхдээ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх явцад уламжлалт буюу долдугаар сарын 12-ны өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар цолыг олгоно. Допингийн шинжилгээг тагнуулын болон цагдаагийн байгууллага, хөндлөнгийн хяналт дор авна. Хэрэв допинг хэрэглэсэн нь нотлогдвол Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зарлигтаа өөрчлөлт оруулж, цолыг нь хураах, дараагийн бөхчүүдэд цолыг нөхөн олгохоор хуульчилсан" гэлээ.