Ирэх есдүгээр сарын нэгнээс хос хэлний хөтөлбөр хэрэгжиж Баян-Өлгий аймгийн хүүхдүүд нэгдүгээр ангиасаа монгол, казах хэлийг зэрэг суралцдаг болох талаар Боловсрол Шинжлэх Ухааны Яамны сайд Л.Энх-Амгалан зургаадугаар сарын 27-нд мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор казах иргэдээс түүнд заналхийлэл, доромжлол ирсэн гэх мэт мэдээллүүд гарсан.
Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаснаа "Худлаа мэдээлэл байна. Сошиал сүлжээнд хэт итгэх маш хортой. Надад нэг ч Казах хүнээс ямар нэг заналхийлэл ирээгүй ээ. Монгол хэлийг хос хэлний сургалтаар 1 дүгээр ангиас заана гэдэг нь Казах хүүхдүүдийг гадуурхсан зүйл огт байхгүй. Монгол улсын иргэд Монгол хэл сурах/сургах үүргээ биелүүлэх үүрэгтэй, төр бодлогоо хэрэгжүүлээгүй явж ирснээс олон Казах хүүхэд залуус бүх шатны сургууль, их сургуульд элсэн орох, тэтгэлэг авах боломж монгол хэлний шалгалт давахгүй шалтгаанаар хязгаарлагдмал байгаа. Төрийн албанд энэ шалтгаанаар өрсөлдөх боломжгүй чадварлаг казак залуус байна. Монгол Улсын бүх иргэд тэгш боловсрох, эрхтэй. Ингэж л байж хязгаар Баян-Өлгийд маань хөгжил цэцэглэлт ирнэ гэж би итгэдэг. Өндөр боловсролтой, мэргэжлийн ур чадвартай түмэн олондоо хүндлэгдсэн казак залуусийн шинэ үе гарч ирэх цаг нь болсон" гэжээ.