Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хундага архин дээр тогтох “ХҮНДЛЭЛ“ гээч муйхарлалаа зогсоо, МОНГОЛЧУУД АА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 1 секунд

Зун цаг, залуу нас хоёр өнгөрлөө. Хөдөө гадаа гарч, халуун чулуу атгах өдрүүдээ хүлээж тэсэхгүй хоног тоолоод эхэлчихсэн гэхэд барихад ч алзахгүй. Аялалын маршрутаа гаргасан уу гэж асуухаас урьтаад бидний төлөвлөгөөг утгаар нь эргүүлэхүйц буруу хандлагын талаар ярих нь зөв хэмээн бодов.

-ЗОГСООЁ: “Чи биднийг хүндлээд ганц л татчих”-

Найз нөхдөөрөө нийлж хэд гурван төгрөг нийлүүлчихээд аялалынхаа бэлтгэлдээ өнөөх “өхөөрдөхдөө” ундаа гээд нэр залгачихсан архи, согтууруулах ундаагаа багтаачихана. Түүнийг зохистой хэрэглэх эсэх нь хувь хүний ухамсартай холбоотой асуудал тул энд нь үлдээе. Харин шалтаг гарган бусдыгаа шахах түүнийгээ идээний дээж хэмээх үгээр халхавчилдаг үхэр монгол зангаа хэзээ ч тавихгүй болтой манайхан. “Чи биднийг хүндлээд ганц л татчих”, “Бүгдийг нь уу гэхгүй ээ, зүгээр л амсчих”, “Бүгдээрээ л ууж байна” гэх мэт үгсийг хаа нэг сонсож байсан санагдаж байна уу. Хаа нэг баяр ёслол, найр наадам, аялал зугаалгын үед уухгүй гэсэн нөхдөө уулгах ядмагхан аргынх нь нэг л энэ. Гэтэл зүгээр л амсах төдийд бий болох эрсдлийг тооцоолж үзсэн үү гэдгийг шахаж буй өнөөх нөхдөөс асуумаар. Тооцоолох нь дүүрч. Ядаж бодож үзсэн болов уу.

Болгоомжтой харьсан болов уу, ядаж дуудлагын жолооч дуудсан болов уу, миний шахсанаас болоод өнөөх маань осол гаргачихаагүй байгаа. Таныг жолооны хүрд атгаж буйг мэдсээр байж хэнэггүй гэгч нь шахаж, ууж идэхэд уриалсан нэгэн учирч болох эрсдэлд санаа зовиноно гэдэг юу л бол.

Магадгүй “ганц татчих” гэсэн үгнээс болж хэдэн хүн хайртай хүмүүс дээрээ очих замдаа хорвоог орхисон бол. Тиймээс аялал зугаалгын өдрүүд эхэлсэн эл үед жолооны ард суугаа нэгнээ архиар шахдаг бүдүүлэг үйлдлээ зогсоох нь зөв.

-Бусдын нөлөөнд автахгүйгээр өөртөө эзэн болох нь-

Шахагчдын хувьд "Жолоо барьж явна аа" гэх татгалзсан үгний тань хариуд элдэв үгээр гоочлон юу юугүй уу хэмээн шавдуулах нь эрхээ эдэлж буй хэрэг юм бол тэдний нөлөөнд автахгүйгээр татгалзах нь ч таны эрх. Товчхондоо, бүдүүлэг үйлдлийг нь хэрхэн цензурдэх вэ гэдэг нь хувь хүний ухамсараас шалтгаалах зүйл юм. Жолооч болох А,Б-тэйгээ байгаа л бол бусдын нөлөөнд автахгүй байх "бичигдээгүй" дүрмийг ч мөрдөөд явахад гэмгүй. Энэ нь нэг ёсондоо өөрөө өөртөө эзэн болж буй явдал юм. Тэд таны хайртай хүмүүсээ хайрлах орон зай, цаг хугацаа, үнэ цэнийг нөхөж өгч чадахгүй. Тиймээс архи руу бус хайртай хүмүүс рүүгээ эсэн мэнд очих сонголтыг хийгээрэй.

-ЗОГСООЁ: “Би эрүүл байна, гэртээ харьчихана аа”-

Наадмын дараа намар гэдэг дээ. Товчхондоо бол хурим найрын сар. Найрлана, наргиж цэнгэнэ, нийлж дарвина. Харин энэ үед өнөөх л согтуугаар автомашинаа унаад давхичихдаг байдал олны дунд давтагдана. Архи амссан л бол дуудлагын жолооч дуудчих хэмжээний соёл манайханд дутагдсан хэвээр байгаагийн л илрэл. Согтуугаар жолоо барих нь тухайн хүний самбаачлах хугацаа, сэтгэх чадамжид нь нөлөөлдөг. Ганцхан тоон баримтыг энд дурдая. Улсын хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар бүртгэгдсэн зам тээврийн ослын 541 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэн гарчээ. Энэ хэмжээний тоо нүдний өмнө эргэлдэж байхад бид өөрсдийгөө эрсдэл дунд алхаж яваа гэдэгтэй санал нийлнэ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нэгний хувьд цагдаа нараас бултах арга нь “нууц” замаар зорчих. Ийнхүү гэр хорооллын дундах огцом эргэлттэй, үзэгдэх орчин гэрэлтүүлэг муутай туслах замаар зорчих нь зам тээврийн осол гаргах шалтгаануудын нэгд зүй ёсоор тооцогдох билээ. Дахин хэлж сануулья. Амны уншлага тархины сануулгаа архи уусан үедээ бүү умартаарай, жолооч нар аа. Би эрүүл байна аа гэх бодол бус жолооны хүрд атгаж буй гар, түүнийг удирдах тархи тань л таныг эрүүл энх гэрийн тань гадаа аваачина гэдгийг. Ядахдаа амссан бол дуудлагын жолооч дууд.

Эцэст нь гэхэд, хөдөлгөөнд оролцож буй нэгнээ хүндлэл, ёс заншил нэрийн дор архиар шахахгүй байх нь таныг бүдүүлэг хэмээн нэршлээс ангид байлгана. Хэрэв согтууруулах ундааны зүйл багахан хэрэглэсэн л бол гэртээ хурдан харина даа хэмээх бодлоосоо эсэн мэнд харина гэдэг бодлоо урьтал болгох нь зөв. Басхүү бусдын амь насанд эрсдэл учруулан байж жолооны ард суух хэрэггүй гэдгийг л энд учирламаар байна.

ҮХНӨ-ийг ЗОГСООЖ, Цэцээр асуудлаа шийдүүлэн гишүүдийг “давхар дээл”-тэй болгохоор яригдаж байна
ҮХНӨ-ийг ЗОГСООЖ, Цэцээр асуудлаа шийдүүлэн гишүүдийг “давхар дээл”-тэй болгохоор яригдаж байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.