Улсын Их Хурлын үндсэн үйл ажиллагаа болох хууль тогтоох үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн “D-Parliament” цахим системийг нэвтрүүлсэн. Тус системийн зорилго нь иргэд, эрдэмтэн судлаачид, сонирхсон хэн бүхэн парламентад өргөн баригдсан хуулийн төсөлд болон цахим системд байршсан нийтийн санал асуулга зэрэгт нээлттэй саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлсэн. Түүнчлэн Улсын Их Хурал буюу парламентын гишүүдэд өргөдөл, гомдол болон санал хүсэлтээ илгээх албан ёсны цахим талбар болж байгаа юм.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "D парламент апплейкшнээр олон санал хүсэлтүүд ирсэн. Иймээс УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангахаар санаачилсан хуулиа өргөн барьж байна.
D парламентаар 33.000 иргэн санал хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд тухайн иргэдийн ирүүлсэн тодорхой асуудалд ажлын хэсэг байгуулах, 70.000 мянга болон түүнээс доош иргэд дэмжсэн бол хяналт шалгалтын хуулийн дагуу хяналт шалгалтын түр хороо байгуулж асуудлыг хэлэлцэх төслийг санаачлах, 100 мянга болон түүнээс дээш хүн дэмжсэн тохиолдолд УИХ болон бусад шийдвэрийг хэлэлцэх гэх мэт ард иргэдийн оролцоог хангасан мэдрэмжтэй парламент болохын тулд цахим технологи ашиглаж байна" гэлээ.
Энэхүү апплейкшнийг хэрэглэснээр иргэд цахимаар тодорхой асуудлын талаар санал хүсэлтээ өгч дээрх заасан тоонд хүрсэн тохиолдолд УИХ арга хэмжээ авч хэлэлцэх юм.