Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил тавдугаар сарын 1-нээс эхэлсэн билээ. Хоёр сарын гаруйн хугацаанд үргэлжилж буй тус аяны үйл явц, иргэдийн идэвх оролцооны талаар тодруулахаар "УНТЭ"-ийн Дэмжих төвийн менежер Н.Наранзаяатай ярилцлаа.
-Иргэд эрт илрүүлгийн шинжилгээндээ хэр идэвхтэй оролцож байна вэ?
-31-ээс дээш насныхан эрт илрүүлэгтэй идэвхтэй оролцож байна. Мөн 61-ээс дээш насныхан түлхүү оролцож байна. Харин 18-30 насныхан идэвх маш муу байгаа.
-Шинжилгээнд хамрагдаж буй иргэдийн дунд ямар өвчлөл их байна вэ?
-Насаар нь авч үзвэл 31-ээс дээш насныханд хоол боловсруулах эрхтний эмгэг их гарч байна. Үүнд нь ходоодны үрэвсэл ходоодны шарх гэх мэт өвчлөлүүд багтаж байгаа. Өндөр настнуудын хувьд бамбайн зангилаа, бамбайн уйланхай их байна.
-Хорт хавдартай иргэд хавдрын оношоо мэдэх үедээ ихэвчлэн 3,4 дүгээр шатанд орсон байдаг. Эрт илрүүлгийн аян эхэлснээс хойш хавдраар оношлогдож буй иргэд хэддүгээр шаттай илэрч байна вэ?
-Манай байгууллага дээр бол хавдраар оношлогдож буй хүмүүсийн тоо харьцангуй бага байна. Яг хавдартай гэхээсээ илүү хавдрын өмнөх үе дээрээ явж буй өвчлөлийг их илрүүлсэн. Хэдий эрт илрүүлгийн шинжилгээнд хавдар илрүүлсэн ч хортой хоргүйг нь илрүүлж чадахгүй. Тиймээс Хавдар судлалын үндэсний төв рүү шилжүүлж байгаа.
-Залуу хүмүүсийн идэвх сул байгаа нь юутай холбоотой вэ?
-Бид 18-30 насныхныг үзлэгт түлхүү хамруулахаар ажиллаж байгаа. Энэ насныхан ихэнх нь нийгмийн даатгал төлдөггүй, ажил хийдэггүй гэх шалтгаанаар үзлэгт хамрагдахгүй байгаа гэж үзэж байна.
-Шинжилгээ авч буй эмнэлгийн байгууллага ямар зохион байгуулалттай ажиллаж байгаа вэ?
-Нэг эмнэлэн өдөрт 40-60 хүнийг үзэх заавар ЭМЯ-наас ирүүлсэн. Учир нь дараалал үүсгэхгүйн тулд ингэж шийдэж байгаа.
Мөн сүүлийн үед эмэгтэйчүүдийн өвчлөл давамгайлж оношлогдож байгаа. Үүнд умайн хүзүү, Сав, өндгөвчний өвчлөл их байгааг тэрбээр онцолсон юм.
Тус аян нь 1 жилийн турш улс орон даяар өрнөх бөгөөд үзлэгт хамрагдах иргэд рүү хороо дүүргээс нь урилга хүргүүлэх юм. Шинжилгээнд хамрагдаж буй иргэд насны ангиллаар хамрагдах бөгөөд 18-30, 31-45, 45-60, 60-аас дээш гэх ангилсан. Шинжилгээ өгөх гэж байгаа хүн бүр 3-7 хоногийн өмнө бэлтгэлээ хангаж, биеэ бэлтгэх хэрэгтэй.
Лабораторийн хувьд тэмбүү, биохими, ДОХ, цус зэрэг заасан багц шинжилгээг өгнө. Шинжилгээнд орохын өмнөх өдөр иргэд 8 цагаас хойш хоол идэхгүй. Өглөө ирэхдээ мөн адил хоол идэлгүй ирэх шаардлагатай. Хэрэв даралтны эм, зүрхний эм уудаг бол эмнүүдээ уугаад ирнэ. Эмэгтэйчүүлийн хувьд сарын тэмдэг нь ирсэн байх тохиолдолд үзлэгт орох боломжгүй юм.