Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбаатарыг олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламжтай хот болгохоор зорьж байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 29 секунд

Орчин үед дэлхийн олон хот ногоон байгууламж, хүрээлэн байгаа орчныг сайжруулах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хотын гадаад үзэмжийг сайжруулах, иргэдийн аялж зугаалах нөхцөлийг бүрдүүлэх зорилгыг өвөрлөх болсон. Энэ жишгээр Улаанбаатар хот ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдийн амарч зугаалах орчныг бий болгосоор байна.

Улаанбаатар хотын томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүд

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

-Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн

-Үндэсний соёл, амралтын хүрээлэн

-Мишээл цэцэрлэгт хүрээлэн

-Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн

-Монгол, Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн

-Гүнжийн нуур цэцэрлэгт хүрээлэн

-Чингэлтэй цэцэрлэгт хүрээлэн

-Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу уулын энгэрт барьж буй цэцэрлэгт хүрээлэн гэх мэтчилэн ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдсээр байгаа юм. Тийм учраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ жил 188 байршлын нийтийн эзэмшилд зөвшөөрөлгүй барьсан байгууламжуудыг буулгаж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн. Энэ ажил эрчимтэй өрнөж байна.

Ингээд Хотын дарга Д.Сумъяабазартай цөөн хором ярилцлаа.

-Амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж байгуулах ажилд иргэний нийгмийн байгууллагууд хамтарч ажиллах, залуучуудын оролцоо нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Нийслэл амарч, зугаалах орчин бүхий ногоон байгууламжийг бий болгоход иргэний нийгмийн байгууллагууд дэмжиж оролцож байна уу?

-Улаанбаатар хот залуучууд, иргэдийн оролцоог хангасан хот байх ёстой гэж бодож байна. Хотын бүтээн байгуулалтад иргэдийн саналыг авах, залуучууд, иргэдийн оролцоог хангах хүрээнд уралдаан зарлах, хотын гаргасан санаачилгыг иргэдийн саналтай нэгтгэх зэргээр нээлттэй ажиллаж байгаа. Залуучууд их идэвхтэй байна. Жишээлбэл, “Creative 100” гэх залуучуудын хөдөлгөөн Дугуй цагаан орчимд байгальд ээлтэй, байгалийн өөрийнх нь давуу талыг ашиглан, тогтоцтой нь уялдуулан тохижилт хийхээр ажиллаж байгаа юм. Иргэд, залуучууд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад оролцоод, өөрсдийн хийсэн зүйлийг үзээд, бидний бүтээсэн хот гэж харна шүү дээ. Иймд тэдний оролцоог хангах нь их чухал.

-Энэ жил хашаа, хайс буулгах ажил эрчимтэй үргэлжилж байна. Хашаа, хайс буулгаснаар нийтийн эзэмшил талбай цэлийж, үнэхээр сайхан болж байна. Үзэгдэх орчин гэдэг ямар чухал байсан нь хүмүүсийн сэтгэгдлээс харагдсан. Энэ тал дээр та өөрөө ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Үзэгдэх орчин сайжирч, сайхан тохижуулсан ногоон байгууламж харж байвал хүний сэтгэл санаа ч уужирна. Амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламжтай хот байлгахын төлөө ажиллаж байна. Хотын соёлтой иргэн байх, хотын өнгө үзэмжийг сайжруулах тал дээр иргэд өөрсдөө ч мөн ихэд анхаарч байгаа юм. Явган хүний замыг өргөсгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд явах боломжтой болгож, стандартад нийцүүлэн засах ажилд хувь нэмэр оруулахын дээр санаачилгаараа хашаа, хайсаа буулган, талбай чөлөөлж өгч байгаа ухамсартай иргэд, аж ахуй нэгж олон байна. Нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх санаачилгыг дэмжиж байгаа тэдгээр хүмүүст талархах ёстой.

Улаанбаатар хот өмнөх алдаагаа засах, цаашид хөгжих бүрэн боломжтой. Энэ боломжийг Улсын Их Хурал, Засгийн Газраас сайтар дэмжиж, эрх зүйн бие даасан байдлаар хангаж өгч байна. Улаанбаатар хот орлого, санхүүгээ төвлөрүүлэн, зарцуулах эрх албажсанаар иргэдийг бухимдуулж буй олон асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх хөрөнгийн эх үүсвэр баталгаажиж, иргэд үүний үр шимийг хүртэх боломжтой болсон. Энэ утгаараа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль бол иргэдийн ая тухтай байдлыг хангах, бүтээн байгуулалтыг дэмжих тал дээр урьд өмнө нь байгаагүй түүхэн шийдвэр юм. Тиймээс хотын иргэд маань ч мөн бидний ажлыг цаашдаа үргэлжлүүлэн дэмжсээр байхыг хүсэж байна. Иргэдийн зүгээс тохижилт, ногоон байгууламжтай холбоотой олон хүсэлт, санал санаачилга гаргаж байгаа. Үүнийг нийслэлийн зүгээс бүх талаар дэмжинэ.

Жишээлбэл, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд сүүлийн 63 жил их засвар хийгээгүй байгаа юм билээ. Баяр наадам гурван өдөр л болно, харин иргэд 40,50 жил тэр газарт амьдарна шүү дээ. Иймд зөвхөн Үндэсний их баяр наадамд бэлдэж бус, тэр орчмын иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд их засвар, тохижилт хийж байна.

Б.Батсайхан: Дугуй цагаан орчмыг байгалийн материалаар тохижуулна
Б.Батсайхан: Дугуй цагаан орчмыг байгалийн материалаар тохижуулна
 
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.