Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: ҮХНӨ-өөр хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлыг хангах гэж байгаа бол өөрчлөлтөд АН оролцохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 33 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр намын удирдлагуудтайгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээллийг сонсжээ. Мэдээллийг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа танилцуулав. Тэрбээр "УИХ өнгөрсөн долоо хоногт завсарлаж, гишүүд тойрог тойрогтоо ажиллан, энэ сэдвээр иргэдтэй уулзсан бөгөөд уулзалтын явцыг харахад иргэд Үндсэн хуульд яг ямар өөрчлөлт оруулах тухай мэдээлэл тун багатай байгаа нь харагдсан байна. Тиймээс иргэддээ маш сайн ойлголт өгч байж, ҮХНӨ-ийг хэлэлцэх шаардлагатай" гэв.

Үндсэн хуульд

1. Хүний эрхийн хамгаалалтыг сайжруулах,

2. Парламентын чадавх, засаглалыг сайжруулах,

3. Хот хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах,

4. Төрийн сүлд өөрчлөх гэсэн дөрвөн чиглэлээр өөрчлөлт оруулах шаардлага байгаа талаар гишүүд ярьж, иргэдийн саналыг сонсох удирдамжтай явжээ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат "Үндсэн хуулийн үзэл санаагаар бол хүн амьд явах эрхтэй. Ямар ч шалтгаантай байсан төр иргэнийхээ амийг бусниулж болохгүй. Дэлхийн 193 улсын 55-д нь цаазын ял үйлчилж, бусад улс энэ ялыг аль хэдийн халсан. Ер нь Үндсэн хуульд сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөж, урсгалаар хандаж өөрчлөлт оруулж болохгүй. Ганцхан намтай юм шиг асуудалд хандаж, нэг нам дангаар өөрчлөлт оруулж байгаа нь буруу" гэлээ.

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ "Бүлгийн зарим гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр барьцаалж, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ би намын даргын хувьд УИХ-ын даргад биечилж хэлсэн. Ордны хуйвалдаанаар гишүүдийн хоорондын наймаа маягаар ҮХНӨ-ийг шийдэх гэж байгаа бол үүнийг Ардчилсан нам хэзээ ч зөвшөөрөхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлт бол тусгаар тогтнолын асуудал. Үүнийг хэрвээ хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол хангах хэрэгсэл болгох гэж байгаа бол Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ардчилсан нам оролцохгүй, хатуу эсэргүүцэн тэмцэх болно" гэв.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Өмнө нь 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд Ардчилсан нам бүлэггүй байсан учраас ардчиллын зарчим болон үзэл баримтлалынхаа хүрээнд хүссэн өөрчлөлтөө оруулж чадаагүй. Өнөөгийн өөрчлөлтийг ч нэг нам дангаар хийх гэж байна. МАН Үндсэн хуулийн үгэнд захирагдаад байх юм. Ерөнхий үзэл санаанд нь захирагдах ёстой. Тухайлбал, сум байна гэснээс заавал 330 сумтай байна гэж заагаагүй. Засаг захиргааны нэгжийн хуулиар зохицуулаад явах боломжтой. Сонгуулийн холимог тогтолцоог АН дэмжиж байгаа. Гэхдээ үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бус, Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаа хийж, 2016 оны алдааг залруулах замаар хийж болно. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн манаач байх ажлаа хиймээр байна" гэлээ.

Д.Сумъяабазар: Цахим шилжилт хийхдээ мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарна
Д.Сумъяабазар: Цахим шилжилт хийхдээ мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.