Төрд өмч хэрэггүй. Яагаад гэж үү. Асуудал энгийн бөгөөд ойлгомжтой. Монголын төрд залгамж халаа гэж үгүй. Төрд этик гэж үгүй. Төрд хууль үйлчилдэггүй. Нэг үгээр хэлбэл, иргэн байж төр оршиж, төр байж гэмээнэ иргэн төвтэй нийгэм байх учиртай. Гэтэл өнөөгийн нийгэмд төр нь дарангуйлагч, хүч хэрэглэгч болж. Энэ ч утгаараа төр хувийн хэвшлийн түншлэл гээч ойлголт устаж үгүй болох дээр туулаад байна.
Угтаа бол ард түмний томоохон төлөөлөл нь төр.
Энэ утгаараа тодорхой хэмжээний өмчийг өөртөө атгаж, зохицуулж явдаг.
Төрийн заавал авч явах ёстой салбар нь боловсрол, дэд бүтэц, нийгмийн хамгаалал, санхүүгийн тогтвортой орчин, эрүүл мэнд, батлан хамгаалах, нийгмийн дэг журам сахиулах зэрэг. Тэгвэл барууны зах зээлд хувьчлалын хөтөлбөр идэвхитэй явагдсаны үр дүнд хөрөнгийн зах зээл хөгжиж ирсэн тул Засгийн газар компаниудыг санхүүгээр дэмжих шаардлагагүй болсон туршлагатай. Харин манайх шиг хөрөнгийн зах зээл ажиллахгүй байгаа улсад төрийн өмчит компаниудыг олон нийтийн өмчит болгох нь, бизнесийн орчин тааруу нөхцөлд хувьчлах нь хэр оновчтой вэ гэдэг асуцудал хөндөгддөг.
Гэхдээ эл асуултын хариулт өнөөх л цагаан захтнуудын холбогддог авлигын хэргээс үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, төрийн мэдэлд шилжсэн, төрд хамаарах ААН-үүд яагаад ашигтай ажилладаггүй, яагаад дампуурдаг, яагаад өрөнд ордог, яагаад төрөөс татаас авдаг вэ гэвэл төрд авлига үүрлэсэн болохоор тэр.
Хамгийн наанадаж л “Эрдэнэс Монгол” ХХК нь 200 гаруй ТУЗ-тай байсан гэдгээс л төрийн өмчид компаниуд ямархуу данхагар бүтэцтэй болохыг харж болохоор.
Тиймээс л төр заавал нүүрс ухаж, дилер хийж, мод услаж, байшин барьж, бүр махны ченж хийх шаардлагагүй юм. Магад энэ бүх шүдний өвчнөө хувийн хэвшилд даатгачихвал төрийн данхагар бүтэц багасаж, эдийн засагт илүү хувь нэмэртэй хувийн хэвшлүүдийн тоо олширох сайн талтай.
“Транспэрэнси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагийн 2021 оны индексээр Монгол Улс 180 орноос 110 дугаар эрэмбэлэгдсэнээрээ Монголд авлига ямархуу амь бөхтэй оршин тогтнож байгааг харж болохоор. Тэгэхээр авлигыг бууруулахын тулд авлигын үүр уурхай болсон төрийн оролцоотой компани, үйлдвэрүүдийн тоог цөөлж, засаглал хийгээд санхүүгийн зардлыг шилэн болгох хэрэгтэй.
Албаны мэдээгээр төрийн өмчит үйлдвэр, компаниуд 2021 онд 11.8 их наяд төгрөг олсон ч 9.3 их наяд төгрөгийг нь үрсэн байна. Монгол Улсад төрийн болон орон нутгийн өмчит 160 компани байдаг атлаа ердөө 705 тэрбум төгрөгийн ашиг олсон. Энэ мөнгөний 90 хувийг “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт” үйлдвэр хоёр бүрдүүлсэн гэхээр цаана нь үлдсэн 158 ААН-ийн төрд бараг хэрэггүй гэж харахаар.
Өнөөгийн нийгмийн тэр дундаа төрийн өмчит компаниудын нийтлэг төрхийг ажиглавал, хэн нэгэн улстөрчийн шахааны хүн, эс бөгөөс цүнх баригч нь даргаар нь очдог.
Удалгүй үйлдвэрийн дарга гэх нөхөр том жийп унаж, тансаг хороололд тухалж эхэлдэг.
Үүнийгээ дагаад төрийн өмчит компани, үйлдвэрүүд өнгө засах нь уу, гэтэл үгүй. Харин ч улам ашиггүй ажиллаж, үйлдвэр дампуурах дээрээ тулж ирдэг. Тэгээд л төрөөс татаас өгч эхэлдэг. Яг ийм жишээ Монголоор нэг байна. Тиймээс л төрд өмч хэрэггүй.
Стратегийн салбараас бусад салбарын компаниудыг хувьчилж, төрд орогносон авлигчдаас салах хэрэгтэй гэжж хэлсэн юм.
Нөгөөтэйгүүр, татвар төлөгчид улс орнынхоо хөгжил цэцэглэлт, хүн ардын эрүүл энх, амар амгалангийн төлөө татвар төлдөг. Түүнээс биш энэ мэт хурган дарга нар хийгээд цүнх баригчдыг баяжуулах гэж, тансаглуулах гэж халаасаа тэмтэрдэггүйг сануулъя.
Магад ашиггүй ажилладаг төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгдсэн нэг систем, зөв удирдлагаар хангаж хувьчилж чадвал барууны улс орнуудын жишгээр эдийн засгаа сэв хийтэл босоод ирэхийг үгүйсгэхгүй биз ээ.
Тиймээс л дахин хэлье. ТӨРД ӨМЧ ХЭРЭГГҮЙ.