Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр иргэдээ “тандан” судлахаар явсан гишүүд буцаж ирлээ. Өнөөдрөөс үйл явдал өрнөнө. ҮХНӨ-ийг хийх асуудал яригдахтай зэрэгцэж сөхөгдсөн сэдэв бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгох явдал юм. Өөрөөр хэлбэл, ҮХНӨ-ийг дагасан бие даасан улс төрийн том сэдэв.
Тэгвэл МАН-ынхан хэдийгээр “Энэ асуудал нам дотор эцсийн байдлаар тодорхой болоогүй” гэж ярьж байгаа ч үнэн хэрэгтээ тохироонд хүрсэн гэдгийг эх сурвалж онцолж байна. Тодруулбал, ҮХНӨ-ийн хүрээнд парламентын гишүүдийн тоог нэмээд Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болохоор тохирчээ. Ингэхдээ 5 жилээр нэг удаа сонгодог байхаар одоогоор ярилцаж байгаа аж. Харин жил, дахин сонгогдох эсэх дээр нь эцсийн байдлаар тохироогоо эцэслээгүй гэнэ. Ямар ч байсан У.Хүрэлсүхийн туйлын хүслийг намын нөхөд нь биелүүлж өгөхөөр “замдаа” гарчээ.
Ингэснээр У.Хүрэлсүх Монголын түүхэнд хамгийн олон жил буюу 11 жил Ерөнхийлөгчөөр ажиллах боломж бүрдэнэ.
2027 онд У.Хүрэлсүхээс өөр хүн сонгогдох боломжтой ч өнөөдрийн улс төрийн нөхцөлд Ардын нам ойрын хэдэн жилдээ туг барих нь бараг ойлгомжтой прогноз ажиглагдаж байгаа. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 2024 оны парламент дахин сонгох тул түүнд боломж бусдаас хавь илүү юм. Ерөнхийлөгч нэг удаад 6 жилээр сонгогдоно гэх одоогийн хуулийн чагтыг тэд журмын хуулиараа зохицуулахаар төлөвлөсөн гэх мэдээлэл байгаа юм. Уг нь Х.Баттулгад ч гэсэн ийм боломж байсан хэдий ч өөрөө үүнийгээ хийгээгүй гэгддэг. Хэрвээ Ерөнхийлөгчийг парламентаас сонгохгүй бол гишүүдийн тоо нэмэхийг дэмжихгүй гэдэг үндсэн агуулга яригдсан байна.
Өнгөрсөн өвөл Цэц дээр “давхар дээл”-ний асуудлаар очсон гомдлыг хэлэлцэх ажлыг Ерөнхийлөгч зогсоосон гэдэг. Учир нь энэ ҮХЦ эрх баригчдын хүссэн “давхар дээл”-тэй холбоотой асуудлыг нь шийдээд өгчихвөл УИХ давраад сонгуулийн тогтолцоог ҮХНӨ рүү чирч оруулахгүйгээр 2015 оны Цэцийн шийдвэр дээр “тоглолт” хийх гээд байв. Тиймээс Ерөнхийлөгч гэнэтхэн нэг өглөө бодлоо өөрчилсөн хэрэг. Тиймээс ҮХНӨ-ийг Ерөнхийлөгч хөдөлгөхгүй барьчихаад байсан юм.
Сүүлд намуудын гаргасан ТУНХАГ БИЧИГ гэх зүйлд Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудлыг тусгаагүй. ҮХНӨ энэ бичигт туссан дөрвөн агуулгын хүрээнд явна.
Гэхдээ яг цагийг нь тулгаж байгаад Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудлыг эрх баригчид оруулж ирэх нь ойлгомжтой. ҮХНӨ-ийг хийхэд бүгд ойлголцсон байх ёстой. Парламентад суудалтай, суудалгүй намууд болон эсэргүүцэгчид, Ерөнхийлөгч гээд тал бүрийн эрх ашгийг их бага хангаж байж ойлголцолд хүрнэ. Өөрөөр хэлбэл, өвөл нэг удаа эрх ашгийг нь хангаагүйд дургүйцсэн У.Хүрэлсүхтэй Ардын намынхан юугаар тохирох вэ. Тэр тохироо нь мэдээж У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр дахин ажиллах боломжийг л нээж өгөх явдал юм. Дахин хэлэхэд Ерөнхийлөгчөөр дахин ажиллах нь У.Хүрэлсүхийн энэ цаг үеийн туйлын хүсэл мөнөөс мөн.
Энэ хүслийг нь биелүүлэхээр экс намынхан нь У.Хүрэлсүхийг дахин Ерөнхийлөгчөөр ажиллах боломжийг бүрдүүлэх ажлыг яг сүүлийн мөчид ХҮН-ын Т.Доржхандаар юм уу, АН-аар санал гаргуулаад хүчээр түрчихнэ. Тэдэнд юу л байна. Хүн хүч бий.
62 гишүүн бүгд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талд зогсоно. У.Хүрэлсүх хэдийгээр намаасаа “явсан” ч Ардын намын 62 гишүүн дунд У.Хүрэлсүхийн өрөөгөөр эргэлддэг, юу хэлснийг нь яс тас биелүүлдэг гишүүд цөөнгүй. У.Хүрэлсүх ч үүндээ ам бардам байдаг учраас гишүүддээ “та нар бол миний хүмүүс шүү” хэмээн наргиан, наадам хоёрын завсар сануулга өгдөг.
Мөн Ерөнхийлөгч чуулган завсарлахтай зэрэгцэж гишүүдийн нэг, нэгээр нь өрөөндөө дуудаж ҮХНӨ-ийг “дэмж” хэмээн шахаж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн. Энэ бол тохироонд дээгүүрээ хүрсний шинж.
У.Хүрэлсүх бол гэгээн, цагаан амилсан бурхан биш. Тэр бол улстөрч. Эрх ашиг, эрх мэдлийн төлөө явах нь түүний туйлын хүсэл. 54 нас гэдэг бол улс төрд хөгшин нас биш. Өөрөөр хэлбэл, ганцхан удаа 6 жилээр Ерөнхийлөгчөөр ажиллаад буух нь У.Хүрэлсүхийн улс төрд арай л багадах тул хугацаагаа сунгаад 11 жил Ерөнхийлөгчөөр суугаад 2032 онд улс төрөөс явах нь түүнд илүү ашигтай.
Г.Лхагвадорж