Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сахал“ Д.Эрдэнэбилэг банкаараа дамжуулан ИНГЭЖ мөнгө босгож, өөрийн ВАНТ УЛСАА БОСГОЖЭЭ

Ангилал
Эдийн засаг  Хууль эрх зүй
Огноо
Унших
12 минут 29 секунд

Монголчууд "сахал" гэдгээр нь эчнээ таних Д.Эрдэнэбилэгээр "овоглодог" Худалдаа хөгжлийн банкныхны гар дүүрээгүй салбар Монголд бараг алга. Тэрийг нь ч АТГ-ын мөрдөн шалгалт болоод Хууль зүйн байнгын хорооны 2018 оны дүгнэлтээр тогтоосон.

Баримтаар бол, Налайхын нүүрсний уурхайг хувьчилж аваад байж болох бүхий л ашгийг нь авч балгас болгон хаясан.

Үүн шигээ Хөтөлийн цементийн үйлдвэрийг хувьчилж аваад ихээхэн хэмжээний мөнгө угаасан байх магадлалтай гэж үзэж буй. Дээр нь ах, дүүсийн хамаарал бүхий хүмүүсийн нэг өдөр байгуулсан компанийн нэг болох "Кью Эс Си" компаниар дамжуулан Концессын гэрээгээр авсан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг аваад ганц хийсэн ганц ажил нь төмөр зам.

Төмөр замд 40 тэрбум орчим төгрөг зарцуулсан атлаа 90 сая ам.доллараар төрд буцаан зарсан. Өнөөдрийг хүртэл уурхайгаас 1.8 их наядын 5 сая гаруй тонн төмрийн хүдрийг хятад руу түүхийгээр нь зөөсөн. Энэ бол хэргийн өчүүхэн хэсэг нь.

Ингээд "сахал" Д.Эрдэнэбилэг тэргүүтнүүд Дарханы төмөрлийн үйлдвэрээр дамжуулан хэдий хэр хэмжээний мөнгө "саасан" бэ гэдгийг тодорхой өгүүлье.

1.

Дарханы төмөрлийн үйлдвэр буюу "Кью Эс Си" компанид Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.долларын зээл олгосон байдаг. Зээлийн нөхцөл Төмөртэйн ордоос төмрийн хүдэр зөөхөд 33 км төмөр зам татах ажил. Энэ мөнгө эргэн төлөгдөөгүй.

Тэгвэл энэ мөнгө хаачсан бэ.

"Сахал" Д.Эрдэнэбилэгийн "Кью Эс Си" компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Концессоор авахдаа металлургийн үйлдвэр байгуулах үүрэг хүлээсэн. Энэ бол данц ганц үйлдвэр биш. Төмөр зам, автозам, гангын үйлдвэр гээд Монголдоо төдийгүй Азидаа жишиг болох цогцолбор байв.

Энэ төслийн гол санхүүжүүлэгч нь Худалдаа хөгжлийн банк байсан.

Гэтэл Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.долларын зээл авангуутаа Худалдаа хөгжлийн банкинд "ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ" нэрээр шилжүүлдэг байгаа юм. "Кью Эс Си" компани яагаад Хөгжлийн банкнаас бус өөрийн хамаарал бүхий Худалдаа хөгжлийн банкнаас зээл авах замаар төслөө шууд санхүүжүүлээгүй бэ гэхээр мэдээж Хөгжлийн банкны зээлийн хүү бага, дээр нь эргэн төлөхгүй байсан ч төрийн мөнгө уйлдаггүй гэдэг ЗАРЧИМ.

Түүнчлэн Хөгжлийн банкнаас өөр ямар ч банк тоож барьцаалахааргүй зүйлийг барьцаалсан. Энэ нь төмрийн хүдрийн овоолго, эвдэрхий теххник хэрэгсэл гэх мэтхэн.

2.
"Кью Эс Си" компанид дан ганц Хөгжлийн банк санхүүжилт хийгээгүй. Үүнийг ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн амаар хэлсэн.

Гэхдээ энэ удаагийн баримт түүний хэлснээс хэд хэдэн зүйлээр өөр.

Өөрөөр хэлбэл, Сангийн яамны зүгээс 2016 оны арванхоёрдугаар сард 68 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ мөнгө нь Концессын гэрээгээр автозам болон цахилгаан шугам сүлжээ татсаны төлбөр. Энэ мөнгийг гэрээний дагуу шилжүүлсэн. Гэхдээ асуудалтай.

Энэ нь анх Концессын гэрээ байгуулахдаа автозам барьсан төлбөрийг Засгийн газраас төлөхгүй байхаар заасан байсан.

Гэтэл гэрээ байгуулснаас хойш нэг жилийн дараа буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газраас гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж энэ төлбөрийг төрөөс даахаар зохицуулсан байгаа юм.

3.

Үүний дараа Сангийн яамнаас дахиад 90 сая ам.доллар шилжүүлсэн. Учир нь Хөгжлийн банкны зээлээр "Кью Эс Си" компанийн барьсан төмөр замыг улсад хүлээлгэж өгсний төлбөр. Ингэхдээ нийт 112 сая ам.долларын 80 хувь болох 90 сая ам.долларыг үнэт цаасаар шилжүүлсэн байдаг.

Энэ үнэт цаасыг "Кью Эс Си" компани мөнгөжүүлэх шаардлага тулгарсан. Ингээд нийт 18 ширхэг үнэт цаасыг Худалдаа хөгжлийн банкинд нийт 180 тэрбум төгрөгөөр зарсан. Үүний дараа Худалдаа хөгжлийн банкныхан худалдаж авсан үнэт цаасаа Хөгжлийн банкинд 180 тэрбум төгрөгөөр зарсан юм.

Нэг ёсондоо Сангийн яам-"Кью Эс Си"-Худалдаа хөгжлийн банк-Хөгжлийн банк-Худалдаа хөгжлийн банк гэсэн мөнгөний эргэлт хэдхэн хоногийн дотор үргэлжилжээ.

4.
Тухайн үеийн Аж үйлдвэрийн яамнаас "Кью Эс Си" компанид 90.3 сая ам.долларыг мөн л шилжүүлсэн гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд мэдэгдсэн. Гэхдээ үүнийг батлах ямар ч баримт одоогоор олдоогүй.

Түүнчлэн Монголбанкнаас мөн л 200 тэрбум төгрөг шилжүүлсэн гэсэн.

Харамсалтай нь, энэ мэдээллийг мөн л олж чадсангүй.

Эндээс Л.Оюун-Эрдэнэ сайд төлбөрийн блансыг тэнцүүлэх гэж "үлээсэн үү" гэж харагдахаар байгаа юм.

5.
Монголбанкнаас 160 тэрбум төгрөгийг "ДАНСНЫ ЗУЗААТГАЛ" нэрээр Худалдаа хөгжлийн банкинд 2016 оны зургадугаар сард шилжүүлсэн байдаг. Энэ мэт их хэмжээний мөнгө Худалдаа хөгжлийн банкаар дамжин эргэлдэж байсан.

Гэхдээ асуудал ингээд дуусахгүй.

Нарийн ухаад үзвэл, Худалдаа хөгжлийн банк өөрийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан худалдаж авсан Хөтөлийн цементийн үйлдвэрт жилийн 40 хувийн хүүтэй зээл олгодог байж. Гэхдээ энэ мөнгө яг үйлдвэрийн данс руу орж байсан гэх баримт хаа ч "байхгүй". Яг ийм байдлаар Хөтөлийн цемент шохойны үйлдвэр маш олон удаагийн зээл авсан гэх.

Яг үүнтэй адил байдлаар Худалдаа хөгжлийн банкнаас "Кью Эс Си" компанийн эзэмшиж байсан Дарханы төмөрлөгийн үйлдвэрт зээл олгосон.

Маш олон удаагийн давтамжтайгаар.

Гэхдээ яг ямар зориулалтаар гэдэг нь бас л тодорхойгүй. Энэ зээлийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт олгосон хэрнээ мөнгийг нь "Кью Эс Си" компанийн данс руу ордог байсан баримт бий. Тэгсэн атлаа Дарханы төмөрлөгийн үйлдвэр олборлосон хүдрээрээ уг зээлийг төлдөг байж.

Тэгвэл энэ мөнгө хаачсан бэ гэдэг асуултыг заавал асуух ёстой.

Баримтаар бол Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийг "Кью Эс Си" компани буцаагаад Худалдаа хөгжлийн банкинд шилжүүлдэг байх магадлалтай аж.

6.

"Кью Эс Си" компанид бүртгэлтэй маш олон хөдлөх хөрөнгө буюу техник төхөөрөмж байдаг. Эдгээрийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт түрээслэдэг байжээ.

Үүнээс гадна "Блю Скай" цамхагт байдаг оффиссоо хүртэл түрээслэдэг байв.

Маш ноцтой зүйл нь, Төмөртэйн ордод байх боловсруулах үйлдвэрийг хүртэл өөртөө буюу Дарханы төмөрлөгийн үйлдвэрт түрээслэх замаар ашиг унагадаг байжээ.

Өнгөрсөн 2019 оны гэрээгээр тоног төхөөрөмжөө 18 тэрбум төгрөгөөр түрээслэж байсан нь батлагддаг.


Асуудал хаана оршиж байна вэ гэвэл, Засгийн газрын шийдвэрээр Хөтөлийн цементийн үйлдвэрийг төрд буцаан авах шийдвэр гарсны дараа тус үйлдвэрт өөрийн гэсэн ямар хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байсангүй.

Тун нарийн ухаан гэж үүнийг л хэлэх байх.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ч гэсэн энэ асуудал бас л давтагдсан. Энэ бүхнээс харвал, дээрх хоёр үйлдвэр хэчнээн ажиллаад ч ашигтай ажиллах ямар ч боломжгүй.

Учир нь жилийн 40 хувийн хүүтэй зээлийг Худалдаа хөгжлийн банкинд төлөх учиртай.

Дээр нь "Кью Эс Си" компаниас тоног төхөөрөмж түрээслэсний олон тэрбум төгрөгийг жил бүр төлөх ёстой. Мөн менежментийн зардал нэрээр жил бүр 10 гаруй сая ам.долларыг толгой компани болох "Кью Эс Си" компанид төлдөг байсан. Ингээд харах юм Налайхын уурхайг цөлмөсөн шиг ээ, дээрх хоёр үйлдвэрийн ч гэсэн амийг таслах процесс өрнөж байсан байгаа юм.

7.
Энэ бүх баримтаас харвал, Хөтөлийн цементийн үйлдвэр болоод Дарханы төмөрлөгийн үйлдвэрээр дамжуулсан зээл, ашиг орлого гээд бүх мөнгөн урсгал Худалдаа хөгжлийн банк руу урсдаг байж. Үүгээр нь тус банкны толгой компани болох Монголын зэс корпорацийг санхүүжүүлж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах луйварын үндсийг тавьсан гэж хардахаар.

Худалдаа хөгжлийн банк хэрхэн төрийн хөрөнгө дээр санхүүгийн тоглолт хийж, өөрийн вант улсаа байгуулсныг та харлаа.

ДҮГНЭЛТ

Хөтөлийн цементийн үйлдвэрийг төрд авахад Худалдаа хөгжлийн боссууд ган хийж дуугараагүй. Гэсэн атлаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцаан авах шийдвэр гарсны дараа "Кью Эс Си" компани Засгийн газрыг шүүхэд өгсөн.

Угтаа бол Концессийн гэрээг цуцлах юм бол ямар нэг нөхөн төлбөр төлөхгүй, үүрэг хүлээгч нь шууд буцаах үүргийг төрийн өмнө хүлээсэн.

Гэтэл Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар "Хэрвээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцаан авах болбол "Кью Эс Си" компанид их хэмжээний нөхөн төлбөр олгоно гэх утгатай ганц өгүүлбэр оруулсан байгаа юм.

Энэ заалт нь Засгийн газар их хэмжээний өрөнд оруулах эрсдэлийг бий болгоод буй. Тиймдээ ч Худалдаа хөгжлийн банкныхан өөрт ашигтай эл заалтыг хэрхэн, яаж "ШАХСАН бэ гэдгийг ухаж, төнхөж үзэх нь зүйтэй.

Эндээс харвал, Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь Худалдаа хөгжлийн банкыг "санхүүжүүлэгч" мөнгө "угаах" гол тоглогч байсан уу гэж асуухад хүргэж буй юм.

Ямартай ч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ажлын хэсэг байгуулагдаж тус үйлдвэрт шалгалт хийж эхэлсэн. Шалгалтын хариу энэ долоо хоногт олон нийтэд нээлттэй мэдээлнэ гэсэн.

Уг мэдээллээр бидний дэлгэсэн эдгээр бүх баримт хамт дэлгэгдэх нь тодорхой. Эндээс л Худалдаа хөгжлийн банк цаашид оршин тогтнох уу, эсвэл гэдэг асуулт урган гарч ирэх биз ээ.

Үүгээр зогсохгүй бас нэгэн асуулт урган гарч ирнэ.

Энэ нь "сахал" Д.Эрдэнэбилэг гэх хүнд хуулийн хариуцлагаа үүрүүлж чадах шийртэй аавын хүү Монголын төр хийгээд, хуулийн салбарт бий юү гэдэг асуулт. Асуултын хариулт хэзээ гарах нь тодорхойгүй.

Гэхдээ нэг зүйл маш ойлгомжтой. Энэ нь ирэх 2024 он буюу хоёрхон жилийн дараа болох УИХ-ын ээлжит сонгууль.

Энэ үеэр "сахал" тэргүүтэй Худалдаа хөгжлийн банк хэмээх вант улсын эздэд холбогдох хэрэг гол дуулианаар тодроно. Тэгэх нь ч баараггүй.

Г.Нацаг-Эрдэнэ

Д.Ганбатыг огцруулах хуулийн төслийг АН-ынхан өргөтгөсөн хэлбэрээр хуралдаж, хэлэлцэнэ
Д.Ганбатыг огцруулах хуулийн төслийг АН-ынхан өргөтгөсөн хэлбэрээр хуралдаж, хэлэлцэнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.