Монголын жүдо бөхийн холбоо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны дэлхийн цуврал болох “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнийг энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотноо “Степпе арена”-д зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, НЗДТГ хамтран зохион байгуулж байгаа.
“Улаанбаатар их дуулга-2022”-ын зохион байгуулалтын талаар Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, дасгалжуулагч Ч.Болдбаатар, тамирчдын төлөөлөл Ц.Цогтбаатар, Б.Баасанхүү нар мэдээлэл хийлээ.
Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл “Улаанбаатар их дуулга”-ыг Монголд анх удаа зохион байгуулж байна. 30 орны 159 эрэгтэй, 106 эмэгтэй, нийт 265 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ ирүүлсэн. Үүнд, жүдо бөх өндөр хөгжсөн Япон, БНСУ, Франц, Герман, Итали, Израйл, Нидерланд Казахстан, Узбекистаны баг хүчтэй бүрэлдэхүүнээ илгээгээд байна. ОХУ-ын тамирчид IJF-ийн далбаан дор оролцоно” хэмээв.
Монголын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар “Манай улсын хувьд зохион байгуулагч орны давуу эрхээрээ жин тус бүрд дөрвөн жүдочноо өрсөлдүүлэхээр бэлтгэл сургуулилтаа базаагаад байгаа. Нийт 56 тамирчин, долоон багштайгаа тэмцээнд орохоор боллоо. Он гарснаас хойш Франц, Бельги, Израйл, БНСУ-ын багтай бэлтгэл хангасан. Мөн 2028, 2032 оны олимпод оролцох залуу тамирчдадаа урам зориг өгөх зорилгоор тэднийгээ тэмцээнд түлхүү оруулж байгаа” гэв.
Олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар “Миний бие 73 кг-ын жинд жингээ тэргүүлж барилдана. “Улаанбаатар их дуулга” нь 2024 оны олимпын оноо цуглуулах эхний тэмцээн гэдгээрээ онцлог. Оноо цуглуулж, жагсаалтын эхний 22 тамирчин олимпод орох эрхээ авдаг. Энэ бол олон хүнд боломж олгох тэмцээн. Хэн олон оноо авсан, амжилттай барилдсан нь олимпын оноо авна. Иймээс монголчуудыгаа өргөн бүрэлдэхүүнээр ирж, Монголын тамирчдаа дэмжээрэй” хэмээсэн юм.
Манай улс өмнө нь 2009-2012 онд “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээнийг эх орондоо зохиосон бол 2013-2016 онд Гран При ангиллын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан туршлагатай. Харин 2016 оноос тасалдаад байсан IJF-ийн дэлхийн цуврал тэмцээн энэ удаад зэрэглэл ахин Гранд Слам болж зохиогдож байна. Гранд Слам ангилалд түрүүлсэн тамирчин чансаагаа 1000 оноогоор ахиулах бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5-р байр 360, 7-р байр 260, шөвгийн 16-д шалгарвал 160 оноо авах юм.
Тэмцээнд оролцох дэлхийн шилдгүүдийг танилцуулбал, Японоос олимпын аварга Таканори Нагасэ /-81 кг/, дэлхийн аварга Цүкаса Ёшида /-57/, Ай Шишимэ /-52/, Мами Үмэки /-78/, Португалын цорын ганц дэлхийн аварга Хорхе Фонсека /-100/, Тайваний цорын ганц олимпын мөнгөн медальт Ян Юү-Вэй /-60/, Германы шигшээд дэлхийн аварга Анна-Мария Вагнер, Узбекистаны олимпын хүрэл медальт Давлат Бобонов /-90/, Израйлаас дэлхийн аварга Саги Муки /-81/, Нидерландаас дэлхийн аварга Ноел Ван Т Энд /-90/, ОХУ-ын дэлхийн аварга Яго Абулазе жин өгсөн -66 кг-д өрсөлдөхөөр манай улсад ирээд байна. Харин манай улсаас олимпын хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатар, ДАШТ-ий хүрэл медальт Ганбаатарын Одбаяр, Ёндонпэрэнлэйн Басхүү нарын дэлхийн шилдгүүд хүч үзнэ.
Тэмцээний шагналын сан 154.000 евро бөгөөд түрүүлсэн жүдоч 5000, мөнгөн медаль 3000, хүрэл медальтан 1500 еврогийн шагнал гардана.