Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сү-гийн фракц ҮХНӨ-ийг эсэргүүцэж, улс төрийн тохироо хийхээр бэлдэж эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 19 секунд

Гэрэл зургийг mpa.mn

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт парламент дээр яригдах нь ойлгомжтой болсон. Ардын намын дарга нар ҮХНӨ-өөс гадна ирэх намар байгуулагдах Засгийн газрынхаа “хар зургаа” гаргачихаад гишүүддээ ч дэлгэхгүй нууцалж яваа.

Нэгэнт нам нь бодлогын хүрээнд яриад тохирчихсон ҮХНӨ одоо гишүүдэд сонин биш. Харин бодлого дагаж байгуулагдах дараагийн Засгийн газрын бүтэц, түүнийг дагасан улс төрийн томилгоонууд л ач холбогдолтой. ҮХНӨ-ийг гишүүд ахиухан ашиглаад л авна л гэсэн үг. Угаас энэ ҮХНӨ хийгдвэл хожих хүмүүс нь УИХ-ын гишүүд гээд хэлчихэд нэг их далийхгүй байх.

Нөгөө талаасаа Үндсэн хуулийн асуудлыг олны хүчээр, фракцын нөлөөгөөр хүч түрээд хийчихдэг зүйл биш. Хэдийгээр МАН олуулаа, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хоршил хүчтэй байгаа нь ч хамаагүй. УИХ-д суугаа нэгж гишүүнээсээ эхлээд, хашааны гадна хашигарч байгаа нэг хүнтэй намтай хүртэл ойлцох шаардлагатай. Тиймээс гишүүд Засгийн газрын бүх сайдуудыг гишүүдээс тавьсан нөхцөлд ҮХНӨ-ийг дэмжье хэмээн дарга нартаа тулгаж сууна.

Тэгвэл өнгөрсөн арванд Ардын намын асуудалд хамгийн хорон оролцож, үргэлж өөрсдөдөө “ашиг” унагаж ирсэн Сү-гийн фракц Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудалд тун сонирхолтой байр сууринаас хандаад эхэлжээ. Тодруулбал, Д.Цогтбаатар гишүүн сошиал хуудсуудаараа дамжуулан ҮХНӨ-ийн гол концепцын нэг болох гишүүдийн тоог нэмэхийг шуудхан эсэргүүцэв. Тэрбээр “Италийн парламентын 2 танхим нийлээд 945 суудалтай. 2020 онд хийсэн санал асуулгын дүнд энэ тоо 600 руу буусан. Ирэх сонгуулиас хэрэгжинэ. Итали 60 сая хүнтэй. Тэгэхээр нэг гишүүн дунджаар 100 мянган хүн төлөөлөх нь. Манайд нэг гишүүн 40 гаруй мянган хүн л төлөөлж байгаа. Италийн стандартаар бол бид 33 л гишүүнтэй байхаар. Тэгэхээр гишүүд/дарга нарын тоог нэмэх тухай яриа хэр логиктой бол? Дэд (хурган) дарга нарыг цөөлчихөөд том дарга нар тоогоо нэмэх нь хэмнэлт үү? Юун нэмэх. Одоо байгаа 76 нь боломжийн бөгөөд хангалттай” гэв.

Д.Цогтбаатар гишүүн бол Сү-гийн фракцын гол төлөөллүүдийн нэг. УИХ, Засгийн газарт хэд хэд ажиллачихсан тэр учраа олоогүй шинэ гишүүд шиг юу хамаагүй юм бурахгүй нь тодорхой. Дээр нь Сү.Батболд гэх улс төр, ухаан бодол хоёроо ямарт нууцалж явдаг хүний талаас Ерөнхий сайдынхаа хоёр ч бодлогыг тасар татсан ийм үг хэлийг хамаагүй гарахгүй. Хэдийгээр Д.Цогтбаатар хэлж буй ч улс төрд бол Сү.Батболдын фракцийн байр суурь л гэж хүлээж авна. Магадгүй үүний цаад учир нь Сү.Батболдын фракц Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг албан тушаал, ашиг хонжоогүйгээр дэмжихгүй гэсэн л санаа. Ер нь Д.Цогтбаатараас гадна бүлэг дээр ҮХНӨ-ийг ярих болоход Ч.Хүрэлбаатар, Б.Мөнх-Оргил нар нь төдийлөн очдоггүй, тойрч “зугтаагаад” байгаа гэх мэдээлэл ч бий.

Өөрөөр хэлбэл, Сү.Батболдын фракц ҮХНӨ-өөс улс төрийн ашигтай өнцөг хэдийнээ хараад эхэлсэн бололтой. Өнгөрсөн хоёр ч Засгийн газарт олигтой төлөөлөл багтааж чадаагүй. Ялангуяа одоогийн засгаас шуудхан “жийгдсэн” тэд энэ удаад дараагийн Засгийн газрын бүтэц, түүнийг дагасан томилгоонуудад ахиухан оролцох. Цаашлаад намын жагсаалтад дээгүүр байр эзлэх хүсэлтэй байгаа бололтой. Тиймээс тэд ҮХНӨ-ийг ярихаас зугтаж, зарим нь бүр шулуухан шүүмжилж эхэллээ.

Г.Лхагвадорж

ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ: Цэргийн ангид “Тонгой, миний эм бол“ гээд хүчинддэг байсан. “Миний эрхтэнээр байнга оролддог байсан“
ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ: Цэргийн ангид “Тонгой, миний эм бол“ гээд хүчинддэг байсан. “Миний эрхтэнээр байнга оролддог байсан“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.