Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ: Цэргийн ангид “Тонгой, миний эм бол“ гээд хүчинддэг байсан. “Миний эрхтэнээр байнга оролддог байсан“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
16 минут 31 секунд

Эр цэргийн алба хааж, эх орноо хамгаалахаар мордсон хөвгүүд нэг бол харгисаар дэглүүлж, эд эрхтэн, сэтгэл санаагаараа хохирч үгүй бол амь насаа алдсан харуусалтай хэрэг гарсаар байна. Энэ ч утгаараа хөвгүүдээ цэргийн албанд мордуулах зориг, хүсэл тэмүүлэл эцэг, эхчүүдийн дунд багасаж байгаа гэхэд хилсдэхгүй. Яг энэ асуудлыг ч Хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлаарх 21 дэх илтгэлд тов тодорхой дурдаж.

Эл илтгэлийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр зайлшгүй анхаарах асуудлыг нэгд багтааж, шаардлагатай арга хэмжээ авах нь зүйтэй гэж гишүүдийн зүгээс үзсэн.

Өөрөөр хэлбэл, дээрх илтгэлд дурдсанаар социологийн судалгаанд оролцогчдын цөөнгүй нь бусдыг үнсэх тушаал өгөх, тоглоом тоглуулах, бие болон бэлэг эрхтэнээр оролдох, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах хүчирхийлэлд өртөж байсан гэжээ.

Түүнчлэн цэргүүдийг цохих, зодох, унтлагын цагаар босгож гүйлгэх, хөл нүцгэн гаргах, бэлтгэл сургуулилалтын цагийг уртасгах, хугацаагүй жагсаалын бэлтгэл хийлгэх, халуун үед эсвэл өдрийн турш удаан хугацаагаар номхон командтай зогсоох, бууны гох буцаах, гуя руу цохих, ус өгөхгүй байх. Эсвэл бөөлжтөл их хэмжээгээр хоол, ус өгөх. Хооллосны дараа суниалгах, аранз үүрүүлж гүйлгэх, нударга дээр нь гар тулж хэвтүүлэн цээж, бөгс рүү нь өшиглөх зэргээр дэглэдэг байсныг мөн дурджээ.

Ингээд бэлгийн дарамт хүчирхийлэл болон дэглэлтэд өртөж байсан хугацаат цэргийн алба хаагчидтай хийсэн ярилцлагыг тоймлон хүргэе.

КЭЙС-1

Зэвсэгт хүчний ... дугаар ангид алба хаасан алба хаагч: “Бэлэг эрхтэнээр байнга оролддог байсан. Ийм байснаас үхсэн нь дээр гэж бодож байсан... Нэр хүнд минь олны өмнө гутаагдсан”
(2017 онд халагдсан цэргийн алба хаасан иргэний тэмдэглэлээс)

КЭЙС-2

Хилийн цэрэг ... "Намайг хониндоо яв “п...” минь. Түлш оруул, хоол хий гэж байнга зоддог байсан. Тэгээд орой болгон "Миний эм болно шүү" гээд намайг "Тонгой" гээд бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг байсан... 22:00 цагийн үед ... (Сум дундын ... дугаар шүүхийн шийтгэх тогтоол)

КЭЙС-3

..Олон хүн дотор янз янзын нөхөд бий шүү дээ. Зарим нэг байгаа байдал нь цаанаасаа нэг зэвүүн нөхдүүдийг цэргийн хүн чинь нэг тийм сүр үзүүлэх гэж, хатуу юм үзүүлчих гээд байдаг хандлага гаргадаг ш дээ. Тэр утгаараа зоддог, нүддэг юм байдаг. Салаан захирагчаар заставт байхдаа би өөрөө бас яг тийм үзэл, хандлагатай байсан.

Жишээ нь бусдыг уруу татаад архи уучихдаг, нэг нөхрийг хүнгүй газар аваачиж байгаад даргаас нь нууж байгаад зоддог л байсан. Согтуу архи уучихсан баригдвал даргад хэлэхгүйгээр гавлаж байгаад ус цацаад архийг нь гартал суниалгаад дэглэж л байсан. Гэхдээ тэр үеийн цэргүүдийг бодвол одоо гайгүй болчихсон байх.

(Зэвсэгт хүчний ангид ажиллаж буй офицертой хийсэн ганцаарчилсан ярилцлагаас

КЭЙС-4

2021 оны ... дугаар сарын ...-ны өдөр унтлагын цаг болчихсон бүх цэргүүд амрах гэж байхад дэслэгч ... нэлээд согтуу орж ирээд соёл амралтын өрөөнд нэр бүхий 15 цэргийг хоёр эгнээ болгон суулгаж байгаад яриа хийсэн. Нүүрэн талын эгнээнд талийгаач сууж байсан ба дэслэгч ... хуруугаараа зааж босох команд өгсөн.

Тэгээд "Нэг шанаа авч чадах уу" гэж талийгаачаас асуусан боловч талийгаач дуугүй зогсоод байсан.

Гэтэл элгэн тус газар 2-3 удаа хүчтэй цохиод, тонгойх зуур нүүрэн тус газар хөлөөрөө цохисон, талийгаач босоод ирэхэд нь дахин нүүр рүү нь 2-3 удаа хүчтэй цохих үед хойшоо унаад дахиж босож ирээгүй. Ингээд 10 минутын дараа эмч дуудсан. Дэслэгч ... өмнө нь хэд хэдэн удаа цэргийн анги байрлал дээр согтуу явж байсан.

(Зэвсэгт хүчний ... дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчидтай хийсэн ярилцлагаас)

КЭЙС-5

..Шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээс “Миний гар урд өдөр нь хавдсан байсан”. Тэгээд харуулын даргад “Даргаа, миний гар өвдөөд байна. Би застав руу буцъя. Та заставаас бүлэг дуудаад өгөөч. Миний бие болохгүй байна” гэж хэлсэн. Гэтэл дарга уурлаж, харуулын байрны том өрөөнд ил байдаг байсан хоёр ширхэг АКМ маркийн бууг аваад намайг гал тогооны өрөөнд оруулж зодсон. Бууны бөгсөөр цээжин тус газар хэд хэдэн удаа цохисон, бас ташаан толгой руу цохисон.

Өвдсөндөө болоод би уйлсан.

Хамгийн сүүлд миний идээлсэн гар руу цохисон. Тэгээд нэг магазин сум өгсөн. Би хоёр бай буудаж үзсэн. Айгаад намайг зодох нь гэж бодсон. Нэг мэдэхэд хүний аминд хүрсэн байсан” гэж шүүхэд мэдэгджээ. Шүүхээс хугацаат цэргийн алба хаагчидтай дүрмийн бусаар харьцаж зоддог, дарамталдаг, дэглэдэг байсан нь тогтоогдсон тул хөнгөрүүлж үзэх үндэслэлтэй гэж үзсэн байна.

КЭЙС-6

Эхэндээ 100 шинэ цэрэг байлаа гэхэд бүгд л ямар нэгэн байдлаар дарамтад өртдөг. Ялангуяа шинэ офицерууд ахлагч нараа, ахлагч нар нь хал цэргүүдийг, хал цэргүүд нь шинэ цэргээ дарамталдаг. Гол нь халуудыг "Шинэ цэргүүдийг сайн сургахгүй байна" гэж зодно. Цустай нь хутгана шүү дээ. Тэгээд л маргааш нь халуунд шинэ цэргүүдийг дарамтална. Гараа алчуураар ороож байгаад нүүр рүү цохино.

Тэгэхээр нүүр, ам хавдахгүй, ул мөр үлддэггүй.

Мөн алчуур эрчлэн ороож байгаад толгой руу шавхуурдахад чих дүүрээд л, толгой манараад л ухаан алдсан байдаг. Нэг удаа шавхуурдахад ухаан алдаагүй. Тэгэхэд “шийртэй” нөхрийг ухаан алдтал нь шавхуурдана. Үүнийг нь “хоохордох” гэдэг. Ёстой аймаар. Шавхуурдуулсны дараа хэдэн өдөр толгой өвдөж, толгой дүйнгэтээд чих шуугидаг. Мөн “тугны иш” гэдэг дэглэлт байдаг. Тэр нь гар дээр нь тулж хэвтүүлээд өгзөг рүү нь гуталны өсгийгөөр цохих эсвэл тугны иш шиг бүдүүн модон саваагаар цохидог. Тэгж цохиулсан хүн зүгээр зогсох аргагүй. Маш их өвдөөд байж ядаад дороо дэвхцдэг. Эсвэл хаашаа ч хамаагүй хар тэнхээгээрээ гүйдэг.

Бас том сав, аягаар дүүрэн цай эсвэл хоолоор шахаад бүсийг нь чангалчихдаг.

Тэгээд тамхи татуулах, эсвэл хоолны дараа шууд нэг км орчим газарт гүйлгэнэ. Тэгэхээр шууд бөөлжинө. Зарим нь өмдөндөө “авчихна”. Тэгэхээр нь ахиад л зодно. Бойтог цэргүүд л их дарамтлуулдаг.

(Зэвсэгт хүчний ... дугаар ангид 2021 онд хугацаат цэргийн алба хаасан иргэний ярилцлагаас)

КЭЙС-7

Манай дарга нар их бүдүүлэг, ёс суртахуунгүй. Бүдүүлэг үг хэлнэ. Хүнийг янз бүрийн нэр хоч өгч дуудна. Хэл амаар доромжилно. Тэр нэг хачин юм, авгай шиг юм гэх мэтээр сэтгэлээр унатал нь доромжилдог.
(Зэвсэгт хүчний ангид ажиллаж буй офицертой хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)

КЭЙС-8

2019 оны ... дугаар сарын ... -ны өдөр. Хилийн цэргийн ... дугаар ангийн ... дугаар заставт ... гэх газарт хугацаат цэрэг модноос боож нас барсан гэмт хэрэг гарсан. Гэрчийн мэдүүлгээр “Цэргийн албанд хэрэггүй иржээ. Ард амьдралаар амьдрах юмсан. Би ямар газар ирчих вээ. Ард байхад эрх чөлөөтэй сайхан байжээ. Нуугаад яах вэ. Үнэхээр шантарч байна” гэж мэдүүлжээ.

(Прокурорын ... дугаар тогтоол)

КЭЙС-9

Зэвсэгт хүчний ... дугаар анги. "Байлдагч ...-ийн ар гэрээс шилжүүлсэн 50 мянган төгрөгийг хувийн дансаар авсан. Түүнийгээ хувьдаа хэрэглэж 2021 оны ... дүгээр сарын ... -ний өдөр захисан эд зүйлийг нь буцаан авч өгсөн гэх тайлбар өгсөн.

КЭЙС-10

Зэвсэгт хүчний ... дугаар анги “...-ийг чөлөөгөөр гарах үед захирагч нь "Гар утасны батарей, микрофоныг засуулаад ир" гээд утсаа өгсөн. Түүнийг засуулах 80 мянган төгрөг байхгүй тул засуулж чадаагүй. Зодуулахаас айсан учраас ангийн байрлалд эргэн ирээгүй шууд явсан. Улмаар 2015 оны ... дүгээр сарын ...-ны өдөр сургуулиас компьютер хулгай хийсэн гэмт хэрэгт холбогджээ.

(Сум дундын шүүхийн тогтоол)

КЭЙС-10

Хилийн цэргийн дугаар анги. "Хүү маань хэд хэдэн удаа мөнгө шилжүүлж авсан. "Яах гэж байгаа юм бэ" гэхээр “Хэрэг байна” гэдэг байсан. Миний хүү тамхи татдаггүй. Бид хөдөө мал дээр байдаг учраас ах, дүү нартаа хэлж байж хэд хэдэн удаа мөнгө шилжүүлсэн. "Би мөнгө шилжүүлж байсан баримтаа цуглуулах санаатай байна. Миний санаж байгаагаар цэрэгт очоод удаагүй байхдаа 40 мянган төгрөг авсан. Мөн цагаан сараас өмнө ах, дүү нараасаа олон удаа мөнгө нэхсэн байсан.

(ХЭҮК-оос гэмт хэрэгт холбогдсон хугацаат цэргийн алба хаагчийн ар гэртэй нь хийсэн ярилцлагын тэмдэглэл)

КЭЙС-11
Зэвсэгт хүчний анги. 2021 оны ... дугаар сард түрүүч нарыг үгэнд орсонгүй гэдэг шалтгаанаар 2 дугаар ротын 16 тоот дасгалын 14 дүгээр байрлалаар 30-40 минут зогсоосон тул ахлагчид сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй...

(Хүний эрхийн Үндэсний Комиссын хяналт шалгалтын материал)

КЭЙС-12

Хилийн цэргийн ... дүгээр ангийн заставын нэр бүхий гурван алба хаагч үүрэг даалгавар биелүүлээгүй гэдэг шалтгаанаар хугацаат цэргийн 17 алба хаагчийг 2020 оны ... сараас 2021 оны ... сар хүртэл дүрмийн бус харьцаж, их хэмжээгээр ус уулгах, нэгийг нөгөөгөөр нь цохиулах, суниалгах, бөөлжүүлэх зэргээр дэглэж шийтгэсэн.

КЭЙС-13

Зэвсэгт хүчний анги. Цэргүүдийг жагсаалаас хоцорсон. Тамхи татах ёсгүй газар тамхи татсан. Цэвэрлэгээ муу хийсэн. Цэргүүд хоорондоо муудалцсан зэрэг шалтгаанаар алгадах, шанаадах, цээжин тус газар цохих, ус уулгах, суниалгах зэргээр дүрмийн бусаар харьцаж шийтгэсэн.
(Сум дундын ... дугаар шүүхийн шийтгэх тогтоол)

КЭЙС-14

...Дарга нар ар гэртээ гаргасан уур бухимдлаа ажил дээр ирж бидэнд гаргах, шалтгаангүй жижиг зүйл дээрээс уурлан бухимдаж, биеийн тамирын дасгал сургуулилалт удаан хугацаагаар хийлгэх, номхон зогсоох, нойрноос хасах зэрэг дүрмийн бус үйлдэл гаргаж, уур бухимдлаа бидэнд гаргадаг.
(Цэргийн ангид ажилладаг алба хаагчидтай хийсэн ярилцлага)

КЭЙС-15

... Цэргийн алба хаах насны иргэд "Оюутан-цэрэг" хөтөлбөрт хамрагдах болсноос гадна цэргийн албыг мөнгөөр дүйцүүлэн хааж байгаагаас шалтгаалан хугацаат цэргийн албанд мэдлэг, боловсрол, бие бялдар ялангуяа зан төлөв, хүмүүжлийн доголдолтой залуучууд олноор ирж байна. Энэ нь цэргийн албаны дүрмийн бус зөрчил гарахад тодорхой хэмжээнд нөлөөлж байна.
(Зэвсэгт хүчний анги, салбарын захирагч, офицеруудтай хийсэн ярилцлагаас)

КЭЙС-16

Хилийн цэргийн ... дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч нь 2015 оны ... дүгээр сарын 6-ны өдрийн өглөө ангийн цэргийн бие засах газар мяндсан утсаар өөрийгөө боомилж нас барсан. Тангаргийн баяраар аав, ээж ирсэнгүй. Хал цэрэг ах нар суниа гээд дээрэлхээд байна. Бичиг үсэг мэдэхгүй. Гэрээ санаад байна гэдэг ... (Прокурорын ... дугаар тогтоол)

КЭЙС-17

Цэрэгт байхад өргөдөл, гомдол гаргах юм бол ахлагч, офицерууд үздэггүй. Хэрэв өргөдөл, гомдол гаргах юм бол өөртөө дайсан бэлдэж байна гэсэн үг. Одоо гэртээ эсэн мэнд ирснээс хойш элдэв юм яриад яах вэ. Манай ахлагч, офицерууд "Гэртээ хариад гэрийнхээ хаалгаар орсон цагтаа л ард болсон гэдгээ ойлгоорой" гэж хэлдэг байсан.

Эдгээр бодит жишээ баримтаас цэргийн алба хаагчдийг хэрхэн дэглэж, дарамталдаг байсныг илхэн харсан байх.

Тиймээс ХЭҮК-оос дараах дүгнэлтийг гаргасан байна.

Үүнд, сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэн байна. Үүний улмаас 44 хүний амь нас хохирсноос хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 20, эрүүл мэндэд хохирол учруулсан 126, цэргийн албанаас оргон зайлсан 56, дүрмийн бус харьцааны зөрчил 105 бүртгэгджээ.

2021 онд хийсэн ХЭҮК-ын судалгаагаар хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртжээ.

Энэ нь таван хугацаат цэргийн алба хаагч тутмын нэг нь дүрмийн бус харьцааны зөрчилд өртдөг гэсэн үг юм.

Харин 2006 онд ХЭҮК-оос хийсэн судалгаатай харьцуулахад цэргийн дүрмийн бус харьцааны зөрчил 11.3-20.4 хувиар буурсан байна. Цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцааны зөрчил бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл, сахилгын дүрэмд заагдаагүй арга хэмжээ авах, ажил хийлгэх хэлбэрээр илэрч байна.

Өөрөөр хэлбэл, цэргийн дүрмийн бус “дэглэлт”-ийн хуучин арга хэлбэр өнөөг хүртэл арилаагүй байна. Энэ байдал нь хүний амь нас, эрүүл мэнд хохирох, цэргийн албанаас оргон зайлах болон цэргийн албаны эсрэг ноцтой гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх шалтгаан болж байна.

Түүнчлэн эдгээр нь хугацаат цэргийн албанд татагдаж буй иргэдийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хувь хүний төлөвшилтэй холбоотой гэжээ.

СУРВАЛЖИЛГА: Энэ зуны дээлний трэнд ЗАВСАРЫН ӨНГӨ
СУРВАЛЖИЛГА: Энэ зуны дээлний трэнд ЗАВСАРЫН ӨНГӨ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.