Шинжлэх ухаан, боловсрол, технологи, бизнесийн салбарын шилдэг инновац, тогтвортой хөгжлийн шийдлүүдийг сэдэгч, бүтээгчдийн илтгэлийг дэлхийн сая сая хүнд түгээдэг TEDх арга хэмжээ Монголын баруун хязгаар нутагт зохион байгуулагдахаар боллоо. TEDх буюу Технологи, Интертаймент, Дизайнаар илэрхийлэгдсэн дэлхийн хамгийн нэр хүндтэй, оюунлаг энэ үйл ажиллагааг 21 аймгаас анх удаа олон ястны өлгий Ховд нутгийн залууст #NEXTGen уриан дор хүргэх гэж байна.
Дэлхийн нэр хүндтэй сургууль болох Люксембург, Харвард, Колумб, Япон, Оксфордын их сургуулийг төгсөж, монголын салбар бүрт манлайлж буй лидер залуус үнэ цэнтэй, шилдэг санаагаа энэхүү флатформоор хуваалцах юм байна. Арга хэмжээ ирэх зургаадугаар сарын 25-ны өдөр болох нь.
TEDxKhovd арга хэмжээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал санаачилжээ. Тэрээр залууст хүсэл эрмэлзэл, эрч хүч, урам зориг түгээхийн зэрэгцээ сонирхолтой үр өгөөжтэй хэлэлцүүлэг өрнүүлэх, нийгмийн асуудалд бүтээлч, шинэлэг гарц шийдэл эрэлхийлэх зорилгоор зохион байгуулж буйгаа дурдаад “Миний хувьд өмнө нь гурван удаа TEDx-ийн илтэгчээр оролцож байхдаа залууст шинэ санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой дэлхийн хэмжээний TEDx оюунлаг арга хэмжээг төрсөн нутагтаа зохион байгуулах зорилго тавьж байлаа. Бүтэн нэг жил хөдөлмөрлөсний үр дүнд албан ёсны зөвшөөрөлтэйгээр Ховд аймгийнхаа залууст олон улсын TEDxKhovd арга хэмжээг толилуулахаар болж байна. Арга хэмжээндээ дэлхийн нэр хүндтэй их сургууль төгсөж, эх орондоо ажиллаж амьдарч байгаа болон Ховд аймгийнхаа хөгжлийн төлөө зүтгэж буй 10 илтгэгчийг урин оролцуулахаар боллоо. Цаашид LEAD KHOVD Club-тэй хамтран нутгийнхаа залуусын хөгжил, боловсролд нь хувь нэмэр оруулах сонирхолтой арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна. Олон жил бодож явсан ажил маань ийнхүү биелэлээ олж буйд баяртай байна. Ховд нутгийнхаа залууст олон улсын хамгийн оюунлаг брэнд болсон #TedX тайз, шилдэг илтгэгч нараа авч очих болно” хэмээв.
#TEDxKhovd -ийн тайзан дээрээс #NextGen уриалгын дор өөрийн үнэ цэнтэй санааг хуваалцах эрхэм илтгэгч нараа танилцуулж байна.