Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза-16” олон улсын театрын наадмын нээлт өнөөдөр 14:00 цагт Улаанбаатар чуулгад болно. Зургаадугаар сарын 4-11-ний өдрүүдэд үргэлжлэх тус наадмын шалгаруулалтын журамд энэ жилээс өөрчлөлт оруулж “Үндсэн жүжгийн ангилал” буюу “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”-үүдэд Гранпри шагнал, “Бэсрэг жүжгийн ангилал” буюу “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хоёр хүний жүжгийн төрөл”-үүдэд Гранпри шагналыг тус бүр уламжлал болгон олгож байхаар болсон байна.
Наадмын шалгаруулалтын тоглолт 2022.06.04-10-ны өдрүүдэд тоглогдох ба “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Хоёр хүний жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-д зохион байгуулагдана.
Энэ жилийн наадамд Монгол, ОХ-ны Буриад улс, Румын, Итали, Энэтхэг, Гүрж, Шри-Ланк, Словен, Люксенбург, Грек, Ирак улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид оролцох аж.
“Нэр дэвшүүлэх комисс”-ийн нэгдүгээр шатны үзлэгт гадаад, дотоодын нийт 50 гаран уран бүтээл бүртгэгдэж, 20 бүтээл шалгарч хоёрдугаар шатанд цомын төлөө өрсөлдөх наадмын үндсэн 5 төрөлд нэр дэвшсэн байна.
Энэ удаагийн наадмын зочин шүүгчээр ОУТИ-ийн гишүүн, жүжгийн зохиолч, театр судлаач Татъяана Азман, ОУТИ-ийн Афины төвийн дэд ерөнхийлөгч, Грекийн Аристотелийн их сургууль болон Үндэсний театрын дэргэдэх драмын сургуулийн профессор, театр судлаач Саввас Патсалидис, Япон улсын театрын найруулагч, судлаач бөгөөд Токио дахь D’UOMO ex machina театрын үүсгэн байгуулагч Какүмуту Ацүши нар урилгаар ирж ажиллаж буй. Наадмын хүрээнд “Хэрвээ чи хүсвэл – Моно драм…”, “Физикл театрын үндэс”, “Орчин цагийн чиг хандлага – Театрын судлал шүүмж” сэдэвт сургалтуудыг наадмын зочин шүүгчээр ажиллах Татъяана Ажман, Какумуту Ацуши, Саввас Патсалидис нар сургалтуудыг удирдан явуулна.
“Гэгээн муза-16” олон улсын наадамд нэр дэвшсэн бүтээлүүд
Драмын жүжгийн төрөлд
- “Анна Каренина” /УДЭТеатр/
- “Гэм зэм” /Орфей театр /
- “Шар гэгээ” /Төв аймгийн “Монгол туургатан” театр/
Хөгжимт жүжгийн төрөлд
- “Нүдтэй наран тамга” /Дорнод аймгийн ХДТеатрын бүтээл/
- “Гоолингоо” /Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр/
- “Хөх нар” /Өмнөговь аймгийн ХЖТеатр/
- “Домог амилсан нутаг” /Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр/
Хүүхдийн жүжгийн төрөлд
- “Жангар” /Завхан аймгийн ХЖТеатр/
- “Тангарагт хаан” /Орхон аймгийн ХЗТеатр/
- “Гэрэл асаа” /Дорноговь аймгийн “Саран хөхөө” театр/
Нэг хүний жүжгийн төрөлд
- “5+1=7” /Монгол/
- “Өглөөний цайны өмнө” /Монгол/
- “Би Толгонай” /ОХ-ны Буриад/
- “Хурандаа бичиж байна” /ОХ-ны Буриад/
- “Нижинский” /Румын/
- “Knots” /Итали/
- “Untouched” /Шри Ланка/
- “Fall again fly better” /Энэтхэг/
- “Darvin” /Энэтхэг/
- Qaqnas burning /Ирак/
Хоёр хүний жүжгийн төрөлд
- “Хүн гөрөөс” /Монгол/
- “Сэтгэлд харвасан туяа” /Монгол/
- “Is God a Taoist” /Энэтхэг/
- “Flushed” /Гүрж/
“ГЭГЭЭН МУЗА-16” ОУ-Н НААДМЫН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЗЛЭГИЙН ХУВААРЬ
Дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/saintmuse/, [email protected]
Харилцах утас: 88087088, 98982511