Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн агуулга дээрээ тохирсон ч, хэлбэр дээрээ эцсийн байдлаар тохирохоор талууд шаргуу ажиллацгааж байна. Үндсэн дөрвөн концепц болох “давхар дээлтэй” гишүүдийн тоог нэмэх, парламентын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчилж холимог болгох, Ерөнхийлөгчийг парламентээс сонгодог байх агуулга алдагдахгүй.
Харин гишүүд эцсийн мөчид нэгэнт сайдуудаа явуулаад УИХ дотроос тавих гэж байгаа бол бүх сайдуудаа гишүүдээс томил. Хоёрын хооронд 20-30 хувьд нь “дан дээл”-тэй сайд томилохгүй байх гэдэг тохироог хийхээр ярилцаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэгэнт л УИХ-ын гишүүн сайд байх боломжийг нээхийн тулд гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж байгаа учраас аль болох олон гишүүнийг сайд болгох. Ядаж хоёр гурван хүнтэй бэсрэг фракцууд хүртэл дундаасаа нэг хүнээ сайдад зүтгүүлэх хувилбарыг гаргая гэж намын удирдлагуудтайгаа тохиролцоо хийж буй юм байна.
Сайдын томилгооноос гадна гишүүдийн дунд маргаан үүсгэж буй асуудал бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгох юм. Одоо яригдаж буй хувилбараар гишүүдийн тоог 99, эсвэл 108 болгоно. Ерөнхийлөгчийг сонгохдоо УИХ-ын гишүүдээс гадна 330 сум, 21 аймаг, 9 дүүргийн засаг дарга нарыг оролцуулж санал хурааснаар Ерөнхийлөгчийг сонгох хувилбар яригдаж байгаа. Ингэхдээ зургаан жилд нэг удаа эдгээр төлөөллүүдийг цуглуулж Ерөнхийлөгчөө сонгодог байх хувилбар юм. Эсвэл парламентын гишүүд дангаараа санал хураалтад оролцох хувилбар байж болох юм.
Хэрвээ өргөтгөсөн байдлаар Ерөнхийлөгчийг сонголоо гэхэд нэгдүгээрт, хууль тогтоох дээд байгууллага гэгддэг УИХ-ын гишүүний эрх мэдлийн үнэ цэнэ алдагдана. Дөрвөн жил УИХ-д суухын тулд карьер, мөнгө төгрөгөө зарцуулан байж сонгогдсон байхад сумын Засаг дарга нөгөө талд нь орж ирээд яг адилхан эрх эдлэх нь эргээд төрийг үнэгүйдүүлнэ. Хоёрдугаарт, гишүүдийн тоог өсгөлөө гэхэд дөнгөж 100 гаруй болно. Үүнээс олонх болсон нам үсрээд л 70 орчим хүний л суудал авах магадлалтай. Өөрөөр хэлбэл, эрх барьж буй нам Ерөнхийлөгч сонгох санал хураалтад орох нийт кнопын тоо 70 гэсэн үг. Гэтэл нөгөө талд нь парламент дахь сөрөг хүчнүүд, мөн 330 сум, 21 аймаг, 9 дүүргийн төлөөллүүд бараг 400 орчим саналын эрх байна. Эндээс аймаг, сум, дүүргийн саналын эрхийг бүгдийг нь эрх баригчид хайрцаглана гэдэг худлаа. 2020 оны орон нутгийн сонгуулийн дүнгээр Монгол Ардын нам 21 аймгаас 8 аймгийг нь Ардчилсан намд алдчихсан. Сумдыг нарийвчилж тоолбол маш алаг цоог дүн харагдана. Магадгүй дараагийн сонгуулиудаар энэ тоо улам өсөх эрсдэлтэй.
Тиймээс эрх барьж буй намаас Ерөнхийлөгч сонгогдохгүй байх. Эсрэгээрээ сөрөг хүчин, бусад намуудын төлөөлөл Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал харьцангуй өсч буй юм. Бүх нийтийн сонгуульд эрх баригч нам төрийн олон намын аппаратаа утгаар нь ажиллуулдаг. Эрх барьж буй нам бусдаас харьцангуй илүү боломжтой байдаг гэхэд болно. Тэгвэл одоо яригдаж буй Ерөнхийлөгчийг өргөтгөсөн байдлаар парламентаас сонгох хувилбар дээр энэ байдал алдагдах бололтой.
Ийнхүү Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхийн өмнө эрх баригчид сайд нарыг бүгдийг нь дотроос томилох гишүүдийн тохиролцоо, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудлыг хоёрыг хэрхэн шийдэх тал дээр ярилцаж байна.
Г.Лхагвадорж