Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Автомашины азын дугаарын дуудлага худалдаанаас 7-99 ширхэг дугаар худалдаж авсан ИРГЭД

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 9 секунд

Автомашины азын дугаарыг дуудлага худалдаагаар худалдаалж, олсон орлогийг нь "Хүүхдийн төлөө фонд"-нд хандивлахаа мэдэгдсэн билээ. Энэ бол 2021 онд болсон үйл явдал. Өөрөөр хэлбэл, Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлагаар худалдаалахаар болов.

Ингэхдээ дуудлага худалдааны шаардлага нь auction.transdep.mn хаягаар дуудлага худалдааг зохион байгуулж, дэнчингийн хэмжээг 50 мянган төгрөг байхаар тогтсон гэж мэдээлэв.

Үүнээс гадна оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас гурав хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авна. Дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23.00 цагт бүртгэл хаагдана. Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна гэсэн нөхцөл даалгасан байдаг.

Ийнхүү шинэ сер задарч, дуудлага худалдааг зохион байгуулахаар болов. Зохион байгуулагчдын зүгээс дуудлага худалдаагаар 8 орчим тэрбум төгрөг цугларна гэсэн горьдлого тээж байж. Гэвч санасан хэрэг бүтсэнгүй. Нэг үгээр хэлбэл, дуудлага худалдаа хаагдах үед 0001 УАР сер дугаарыг иргэн С.Г нь хамгийн өндөр үнэ буюу 427 сая төгрөгөөр худалдаж авахаар санал өгсөн байдаг. Гэхдээ дээрх хэлсэнчлэн тухайн дугаарыг худалдаж авсан иргэн нь төлбөрөө нэн даруй тушааж, албан ёсоор дугаараа эзэмших эрхтэй болох учиртай. Тухайн өдөр 0001 УАР, 0011 УАР, 0041 УАР, 0071 УАР, 0101 УАР, 4141 УАР гэх мэт тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн азын дугааруудыг нээлттэй цахим дуудлага худалдаагаар худалдсан. Дээрх 427 сая төгрөгийн санал нь түүхэн дэх хамгийн өндөр үнэ хэрнээ яагаад ч юм бэ, төлөвлөсөн 8 тэрбумд хүрсэнгүйд талуудын зүгээс эргэлзээ төрсөн байна. Ингээд мэдээж хэрэг АТГ ажиллах нь тодорхой. Гэтэл АТГ-ын шалгалтаар их сонин дүр зураг гарчээ.

Гэхдээ уг асуудлыг түр хойш тавиад "Хүүхдийн төлөө фонд"-ны талаар цухасхан яръя.

Тус фондыг Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулиар зохицуулахаар хуульчилж, УИХ-аас баталсан байдаг. Дагаж мөрдөх журмыг нь баталсан бөгөөд санг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ гэж заажээ. Үүнд хандив тусламж, улсын төсөв, Автотээврийн үндэсний төвийн азын дугаарын борлуулалтын дугаарын дуудлага худалдаа.

Харин сангийн төсвийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улсын тэмцээн уралдаан оролцож, шагналт байранд орсон хүүхдүүдэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхээ авсан бол бэлтгэл хангахаас эхлээд тэмцээн уралдаанд оролцох хүртэлх бүхий л зардлыг нь даахаар тусгасан байдаг.

Энэ дагуу дээрх дуудлага худалдаа болсон бөгөөд автомашины дуудлага худалдаанаас олсон бүх орлого болох 4 тэрбумыг санд төвлөрүүлэх учиртай байтал яагаад ч юм бэ, үүнээс 3 тэрбум төгрөгийг л санд тушаав.

Үүний дараа улс орон даяар "Хүүхдийн төлөө фонд" байгуулснаа төрийн эрх баригчид зарлаж, эх үүсвэрээс нь мөнгө шилжүүлсэн. Одоо ард иргэдийн дэмжлэг хэрэгтэй байна гэж уриалав. Иргэдийн зүгээс "ХҮҮХЭД" гэсэн лоозонг хараад байдгаа барих нь тодорхой. Нэр нөлөө бүхий хүмүүсээс эхлээд таван настай балчир хүртэл цуглуулганы хэдээрээ өргөл барив. Ингэж дахиад 2.2 тэрбум төгрөгийг цуглуулснаар "Хүүхдийн төлөө фонд" нийт 5.2 тэрбум төгрөгтэй болсон юм. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Санг анх байгуулж, хандив цуглуулах үед хүүхдийн номын сан байгуулахад зарцуулна гэж яригдаж байсан. Гэвч бидэнд шаардлага хангасан төсөл ирээгүй.

Одоогоор шагнал урамшуулал авсан хүүхдүүдэд л сангаас мөнгө өгсөн. Энэ зарлага 20 орчим сая төгрөг болсон байх" гэж хэлсэн юм. Эндээс "Хүүхдийн төлөө фонд"-ын дансад анх цугларсан 5.2 тэрбум төгрөг бүрэн бүтнээрээ хадгалагдаж байгаа нь тодорхой болсон.

Гэхдээ өмнөх яриа руу ороход азын дугаарын дуудлага худалдаанаас яагаад 8 бус 4 тэрбум төгрөг л цугларав.

АТГ-ын шалгалтаар нэр бүхий нэр бүхий дараах иргэд дуудлага худалдаанд хамгийн олон удаа оролцож, хамгийн олон дугаарыг худалдан авчээ.
үүнд,
⦁ Алтанбагана- 99
⦁ Хонгор- 89
⦁ Үйтүмэн- 58
⦁ Эрдэнэ- 53
⦁ Уранчимэг- 52
⦁ Баатархүү- 47
⦁ Алтанхүү- 43
⦁ Сайнхүү- 16
⦁ Урантөгс-14
⦁ Амартүвшин- 13
⦁ Энхбаатар- 12
⦁ Амуунзаяа- 12
⦁ Олзвой- 9
⦁ Мөнхтулга- 8
⦁ Энхтунгалаг- 7
⦁ Бямбадорж- 7
⦁ Чимбаа-6

Эндээс үзвэл, зарим иргэд дуудлага худалдаанд зохион байгуулалттай оролцож, азын дугаарыг үнийг буулгах замаар өөрсдөдөө цуглуулдаг юм биш байгаа гэсэн хардлага төрүүлж байгаа юм.

Үүнийг нь ч батлах мэт, АТГ-аас дээрх дуудлага худалдааг цуцлаж, дахин явуулах шаардлагатай гэж үзсэн. Энэ зөвлөмжөө ч холбогдох байгууллагад хүргүүлсэн гэх. Гэвч яг ямар үр дүн гарсан нь тодорхойгүй. Юутай ч, эх сурвалжуудын хэлж байгаагаар дээр нэр дурдсан хүмүүсийн цөөнгүй нь азын дугаар дамлаж зардаг компанитай. Түүгээрээ их хэмжээний ашиг олдог гэх юм билээ. Оргүй биш яриа. Магад үүнийг нь АТГ-ын дээрх баримтаас харсан байх. Тиймээс л "Хүүхдийн төлөө фонд"-ын гол санхүүжил болсон уг асуудлыг эхнээс нь авахуулаад эцсийн цэг хүртэл нь шалгаж, тогтоох нь зүйн хэрэг. Тэгж байж л Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүддээ хөрөнгө оруулалт хийх хуулийн заалт бүрэн утгаараа хэрэгжих боломжтой гэдгийг хэлэх нь илүүц биз ээ.

Г.Амартүвшин: Банкууд IPO гаргах асуудалд лобби орсон байж магадгүй
Г.Амартүвшин: Банкууд IPO гаргах асуудалд лобби орсон байж магадгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.