Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аз жаргалыг мэдэрч, анд нөхөдтэй болсон хүүхдүүдийн инээд цалгисан НЭГ ӨДӨР

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 39 секунд

Б.Амарболд нохойнд хайртай. Тиймдээ ч зуслан дээрээ хоёр нохой тэжээдэг. Тэр бас ээждээ маш их хайртай. Хайртай болохоороо хамт аялаж, зугаалах, үргэлж хамт байх дуртай. Тэр бас найз охинтой. Түүнийгээ маш үзэсгэлэнтэй гэж боддог. Ингэж бодох бүртээ ирээдүйгээ хамтаар төсөөлдөг. Тэгээд тэр баярладаг. Баярлах бүртээ зураг зурна. Зураг бүр нь аз жаргалтай, баяр хөөрөөр баялхсан байх нь гоё. Тэр инээж баярлах дуртай. Яагаад гэвэл бусдаас жижигхэн ч гэсэн зүйлээр өөр гэдгээ мартах боломжийг олгодог болохоор тэр. Тэр ингэж хэлсэн. Тэгэхдээ уйтгар гуниг бус харин ч аз жаргалаар дүүрэн мишээл тодруулан хэлсэн. Ингэж л тэр бусдыг аз жаргалтай болгох дуртайгаа, ээждээ, гэр бүлдээ хайртайгаа илэрхийлсэн юм.

Б.Амарболд шиг аз жаргал баяр хөөрөөр бялхсан 150 хүүхэд Чойжин ламын сүм музейн ногоон зүлгэн дээр найзууддаа авъяас билэгээ үзүүлж, бусдыгаа дэмжихээр цугларлаа. Энэ бол 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй “Музей ба хүүхдүүд” өдөрлөг.

Өдөрлөгт ирсэн хүүхдүүд зураг зурж, дуу дуулж, хөгжим тоглож, бүр хөл бөмбөг хүртэл тоглосон. Түүгээр зогсохгүй “Цам”, “Авдартай музей”, “Аами Таами хоёр музейгээр аяласан нь” зэрэг боловсролын хөтөлбөрт хамрагдаж, өөрийн бүтээсэн цамын баг, баримлын шавраар урласан бүтээл, төрөл бүрийн зурагтай болж нэгэн өдрийг сайхан дурсамжаар дүүрэн хөглөж өнгөрүүллээ.

Чойжин ламын сүм музей, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран зохион байгуулсан уг арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний гэр бүлд түүх, соёлын өвийг таниулах сурталчлах, музейн урлагийн боловсролыг ажлыг тэгш хүртээмжтэй хүргэх, соёлын өвөө хайрлан хамгаалах, бахархах сэтгэлгээг бий болгох зорилготой. Энэ ч утгаараа хүүхдүүдийн хөгжил, хүсэл сонирхолыг дэмжиж, бусдаас илүүг хийх хүч чадалтай нэгэн шүү гэдгийг урлагаа, өв соёлоор дамжуулан ойлгуулахыг хичээдэг ажээ.

Ингээд өдөрлөгийн зургийн цомгийг хүргэе.

ЦЕГ: О.Осоржамааг хориогүй, худал мэдээлэл
ЦЕГ: О.Осоржамааг хориогүй, худал мэдээлэл
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.