Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдоод буй УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох саналыг шүүхэд хүргүүлжээ. Энэ талаар шүүхээс тодруулахад "УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарыг яллагдагчаар татаж, хилийн хориг тавиулах саналаа прокуророос шүүхэд ирүүлсэн. Одоогоор шүүх хурлын тов нь зарлагдаагүй. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг саналыг хүлээж авсан" гэлээ.
Дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д хүргүүлсэн. Гэвч УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, холбогдох байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгаж болно гэж үзсэн юм. Гэвч дээрх дөрвөн гишүүний асуудлыг "УЕП-оос УИХ-д дахин оруулна, эсвэл шүүхэд саналаа хүргүүлнэ" гэх мэдээлэл бий.
Сануулахад, Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшинг эрх мэдлээ урвуулж, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, их хэмжээний зээл өгсөн буюу Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан.
Тэдний хамаарал бүхий “Вертекс майнинг партнерс” ХХК Хөгжлийн Банкнаас 2020 онд 33 тэрбум төгрөгийн зээл авсан талаар тус банкнаас мэдээлж байв.
Харин Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн Банкнаас гаргасан 1.8 их наяд төгрөгийн зээлийг үр дүнгүй зарцуулж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн, Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Хөтөл цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн Хөгжлийн Банкнаас зээл авахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон үндэслэлээр яллагдагчаар татсан.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Хөгжлийн банкнаас зээл аваад өдгөө чанаргүй зээлдэгчийн тоонд ороод буй НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгээс их хэмжээний хахууль авсан хэрэгт буруутгасан байдаг.