Монгол эрчүүд гэлтгүй, хүүхнүүд ч уух дуртай. Уухаараа биесийг гаргуунд гаргаж, ааш ааль намирсан зөөлөн болох нэгэн байхад араатнаас илүү эрэмгий догшин болох нь ч бий. Хүмүүний араншингийн энэ л зааг дээр сархад хүртсэн нэгэн автомашины жолоогоо бусдад шилжүүлснээс болж хэд хэдэн хүний амь нас эрсдэж, бага балчир үрс эрүүл мэндээрээ хохирч, өнчирч үлдээд байна.
ХЭРЭГ-1:
Энэ сарын 22-ны өдрийн 16.40 цагийн үед Баянхонгор аймаг Галуут сумын нутаг дэвсгэрт авто машин онхолдож хоёр хүн нас барсан юм. Хэргийг шалгахад автомашины эзэн О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 16 настай хүүхдэд жолоогоо шилжүүлсэн болох нь тогтоогдсон байна.
Ослын улмаас жолоо барьж явсан 16 настай хүүхэд болон хажууд нь сууж явсан 46 настай эрэгтэй амиа алдаж, 2-12 насны гурван хүүхэд, 37-68 насны хоёр хүн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ.
ХЭРЭГ-2:
Энэ сарын 24-ний шөнийн 03.08 цагт Хан-Уул дүүргийн V хороо Наадамчдын гудамж, Яармаг орчимд төв зам дээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан ачааны автомашины жолооч 40-45 орчим насны явган зорчигчийг дайрч амь насыг хохироосон байна. Цагдаагийн байгууллагаас тухайн ослын газрын үзлэгийг хийн, шалгалтын ажиллагаа явуулах хугацаанд амь хохирогчийг бараан өнгийн суудлын машин мөргөж хэргийн газраас зугтсан болох нь тогтоогджээ. Тиймээс эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулахад уг ослыг насанд хүрээгүй хүүхэд үйлдсэн болох нь тогтоогджээ. Тодруулбал, осол гаргасан тээврийн хэрэгслийн эзэн Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн танил насанд хүрээгүй хүүхдүүдэд тээврийн хэрэгслээ өгч явуулсан аж. Гэтэл насанд хүрээгүй хүүхдүүд автомашиныг унаж явах үедээ зам хөндлөн гарч явсан иргэнийг мөргөж, улмаар ослын газраас зугтаасан болох нь тогтоогджээ.
Энэ бол зөвхөн сүүлийн долоохон хоногийн дотор үйлдэгдсэн харуусалтай хэрэг.
Хэрвээ дээрх автомашины эзэд согтууруулах ундаа хэрэглээгүй бол, эсвэл 16 хан настай хүүхдүүдэд жолоо шилжүүлээгүй бол нэг нь шоронд орж, нөгөөх нь шороонд булуулахгүй байв. Үгүй ядаж л, бага насны балчир үрс бэртэж гэмтэхгүй байв.
Бас тэд аавыгаа, ахыгаа алдахгүй байв.
Энэ бүх хагацал, харуусал хариуцлагагүй, хайнга зантай жолооч бусдад жолоо шилжүүлснээс болсон. Тиймээс жолооч та насанд хүрээгүй, бага балчир хүүхдэд жолоо бүү шилжүүлээрэй. Тэд амьдралд дөнгөж хөл тавьж яваа хүүхдүүд. Тэдний амьдралын харгуйг эвдэж, хагацал шаналлын ангал руу бүү түлхээрэй.
Хүүхдүүд тоглоомон машинаар гэртээ тоглох учиртайгаас биш автозам дээр машин барьж бусдын болон өөрийн ирээдүйгээ тоглох ёсгүй гэдгийг та ухамсартаа шингээн авна биз ээ.