Дулааны Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн өнгөрөгч оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайланд тусгаснаар Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлттэй холбоотойгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос 2022 оны сүүлийн хагас жилд үнэ тарифт өөрчлөлт оруулж, зээлийн төлбөр төлөх эх үүсвэрийг шийдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байгаа талаар дурджээ.
Эргэн сануулахад, Хөгжлийн банкны зээлийн гуравны нэгийг төрийн өмчит компаниуд эзэлж байгааг албаныхан мэдээлсэн. Харин Эрчим хүчний яамтай холбоотой нэр бүхий гурван зээл Хөгжлийн банканд данстай байна.
Тодруулбал, ДЦС-4 төрийн өмчит хувьцаат компанид 2018 оны долдугаар сарын 20-нд 220 тэрбум, Эрчим хүчний яаманд 2014 оны нэгдүгээр сарын 30-нд 25 тэрбум, Эгийн голын усан цахилгаан станцын нэр дээр 2017 оны есдүгээр сарын 26-нд 26 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байдаг. Үүнээс Эрчим хүчний яам болон ДЦС-4 ТӨХК-ийн зээлүүд эргэн төлөлтийн төлбөрийн зөрчил үүссэн зээлдэгчийн жагсаалтад орсон.
Өнгөрсөн удаад салбарын сайдаас авахуулаад өмнөх сайд болох Ц.Даваасүрэн ч Эрчим хүчний салбартай холбоотой Хөгжлийн банкнаас авсан зээлийг төр хариуцахаас өөр ямар ч арга байхгүй. Хэрвээ төр төлөхгүй бол зээлийг төлөхийн тулд цахилгаан, дулааны үнийг нэмэхээс өөр аргагүйд хүрнэ гэх байр суурийг илэрхийлж байсан удаатай.
Хэрэв аудитын тайланд тусгагдсан үнэ тарифт өөрчлөлт оруулах асуудал үнэн бол алдагдалтай ажиллаж ирсэн эрчим хүчний салбар, төлж чадахгүй байгаа зээлээ иргэдийн халааснаас гаргуулж бүрдүүлэх шинжтэй үйлдэл болно.
НЭМЭЛТ: Хараат бус аудиторын тайлан дахь Асуудлыг онцолсон зүйл хэсэгт дээрх агуулгыг дурджээ.