УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-оос УИХ-д хүргүүлсэн билээ. Гэвч УИХ чуулган хаалттай хуралдсаны эцэст УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүйгээр шалгах нь зүйтэй гэх шийдвэрт хүрсэн юм.
УИХ-ын уг шийдвэрээр прокурорууд ацан шалаанд орж, хэрэг царцах нөхцөл байдалд хүрлээ гэж зарим прокурор хэлж байв.
Тэгвэл дээрх гишүүдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн гэх шуум өнөөдөр цацагдсан. Уг асуудлыг албаны эх сурвалжаас тодруулахад "Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Мөрдөх байгууллагаас хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээгүй" гэсэн юм.
Эндээс үзвэл, дээрх УИХ-ын гишүүдэд холбогдох хэрэг АТГ-аас хөдлөөгүй бололтой.
Үүний шалтгаан нь өнөөх УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал. Тодруулбал, Их хурлын гишүүд ямар нэг гэмт хэрэгт холбогдлоо гэхэд хууль хүчний байгууллагаас албадан дуудан ирүүлэх боломжгүйн дээр гэр, албан өрөө, автомашин болон биед нь үзлэг, нэгжлэг хийх нь хуулиар хориотой байдаг.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдаж байгаа УИХ-ын гишүүн нь хэзээ яллах тогтоолтойгоо танилцана, тэр үед нь хэргийг шүүхэд шилжүүлэх боломжтой болох хуулийн зохицуулалттай билээ.