ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг эмнэлгүүдийн асуудлаар мэдээлэл өгөв.
Тэрбээр "Өнгөрсөн 2021 оны байдлаар ЭМЯ-ны харъяа таван байгууллага 11-11 төвийн системтэй холбогдсон. Энэ жилээс зургаан байгууллага нэмэгдсэн. Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв зэрэг эмнэлгүүд шууд холбоотой ажилладаг. Иргэдээс ирсэн санал, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард эрүүл мэндийн салбартай холбоотойгоор нийт 238 иргэн холбогдож, санал, гомдол гаргасан. Өргөдлийн шийдвэрлэлт өнөөдрийн байдлаар 97 хувьтай байна.
Иргэд эрүүл мэндийн даатгал төлдөг учраас эмнэлгийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй авах ёстой. Үүнд яамны зүгээс анхаарч, зохих харъяа эмнэлгүүдэд арга хэмжээ авч ажиллаж байна.
Түлэнхийн төвийн шинэ барилга нь А, Б хоёр корпустай. Үүний А төвийг ирэх сарын 1-нийг гэхэд хүлээж авна. Улсын комисс хүлээж авсан тохиолдолд үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Шийдвэр гарвал эхний ээлжид нэгдүгээр байрыг ашиглалтад оруулна. Эмнэлгийн барилгын ажил 10-аад жил болсон учир шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна.
ЭМЯ дотоодод эмчлэх боломжгүй, өндөр зардалтай мэс ажилбарын зардлыг төрөөс тодорхой хувийг гаргах тал дээр хэд хэдэн ажил хийж байна. Тодруулбал, Монгол Улс дотооддоо нийт 26 эмгэгийг эмчлэх боломжгүй байдаг. Үүнийг заавал гадаадад очиж эмчлүүлдэг бөгөөд Монголдоо ирээд, тухайн өвчтөн нийт зардлын тав хүртэлх хувийг буцааж авдаг. Энэ зохицуулалтыг өөрчлөхөөр ажиллаж байна. Өнгөрсөн жилийн Засгийн газрын тогтоолоор 26 эмгэгээс дөрвийг нь дотоодод эмчлэх боломжтой болсон. ЭХЭМҮТ-д дутуу нярайн торлог бүрхэвч хуурсан тохиолдолд мэс ажилбарыг дотоодод хийж эхэлж байна. Мөн чөмөгний яс солих мэс ажилбар зэргийг иргэд заавал гадагшаа явж хийлгэхгүй байх боломжийг бүрдүүлэхийг зорьж байна" гэлээ.