Нийслэлийн Ардчилсан намаас “Монголоо Беларусь болгохгүй” жагсаалыг Хэлмэгсэдийн хөшөөний дэргэд зохион байгуулж байна. Уг цуглаанд гавъяат жүжигчин Д.Сосорбарам залуусын төлөөллийн хамт оролцож байна. Энэ үеэр Д.Сосорбарам “Бид түүахийн үнэнийг мэддэг байх, судладаг байх хэрэгтэй. Элбэгдорж Ринчино гэдэг хүний гараар хөнөөгдсөн хүмүүсийн нэрс энд бичээстэй байна. С.Бодоо, Д.Данзанг хэний гараар хөнөөсөн бэ.
Хамгийн аймшигтай нь Д.Сүхбаатар гэдэг хүн тухайн үед Данзангийн цүнх баригч байж. Одоогийн хэллэгээр шүү дээ. Ингээд Сүхбаатараар С.Бодоог хөнөөлгөөд, С.Бодоогийн цүнх баригч байсан Х.Чойбалсангаар Д.Данзанг хөнөөлгөсөн байгаа юм. Шүүхгүйгээр буудсан. Энэ баримт бэлээхэн байна. Сталины даалгавраар Гэндэнг гэрийн хорионд байлгаж байгаад буудаж хороосон.
А.Амар сайдыг Сталины тушаалаар хороосон. А.Амар сайд хэлсэн байдаг. "Би Монгол Улсын иргэн. Тиймээс Монгол Улсын шүүхээр шийтгүүлэх ёстой. Гэхдээ би Зөвлөлийн ард түмэнд хайртай. Би бол комунист хүн" гэж хэлээд буудуулсан. Үүнээс гадна би нэг тоо баримт хэлье. 1938 онд Хөвсгөл аймгийн найман сумын 58 гавж, 34 маарамба зэрэг буддын шашны дээд түвшний 102 хүнийг баривчилж 97-оог нь ямар ч шүүхгүйгээр газар дээр нь буудаж хороосон.
Үлдсэн тавыг нь 10 жил хорьж, ар гэрийнхнийг нь хэн ч биш болгосон. Энийг хэн хийсэн бэ. Сталины даалгавраар Х.Чойбалсан Жамцын Баясгалан гэдэг хүнд үүрэг хийлгэсэн. Энэ түүхийг судалсан. Үнэн нь батлагдсан. Сүүлийн үед хэд хэдэн Ерөнхий сайдаа барьж хорилоо. Монголын эдийн засгаа эргэлтэд оруулах гэсэн хүмүүсээ харааж зүхсэн явдал үргэлжилсээр байна.