Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: Гар утаснаас биш хайртай хүмүүсээсээ “ЗҮҮГД“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 43 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Уулзалт бүрээ утга учиртай байлгах сан. Өнөөдөр ч , маргааш ч, нөгөөдөр ч...

Сурсан зангаараа автобусандаа хөл гараа гишгэчүүлэн суумаар байвч өнөөдөр татгалзана. Юу ч бодолгүй чихэвчээ зүүгээд хорвоогийн, дэргэд минь байгаа зүйлсийн талаар бодолхийлж алхахыг илүүд үзнэ. Аль эсвэл өвлийн хүйтэн өдрүүдээр тухтай уулзаж чадаагүй хэдэн нөхөдтэйгээ уулзаж суугаад, ярилцахыг ч илүүд үзэх нь бий. Дэргэдүүр өнгөрөхдөө “Хийцгүй юмнууд” гэх хүмүүсийн шүүмжлэл угтаа бидний уулзахад л зориулж гаргасан цаг хугацааг алдагдуулах хэмжээний асуудал биш учраас тийм ч чухал биш. Гэвч уулзалтын утга учир, уур амьсгал, нэгнээ хүндлээд ирсэн цаг заваасаа бид өөрсдөө хумсалдаг юм билээ. Албан уулзалт дээр ч тэр.

Мэдээж болзсон газраа, товлосон цагтаа очих нь соёл. Түүнээс давсан хүндлэл нь уулзсан л бол бие биендээ цаг хугацааг зориулах явдал. Гэвч манайханд ийм соёл тун ч тааруу. Бидний амьдралд арай ойр “наалдахаар” нь гар утсаа хэт их оролдох явдал.

“Гар утаснаасаа дүүжлэгдээд” гэх яриаг бид маазрал болгон ашигладаг ч бараг л бодит байдлыг ёжилсон агуулга. Найз нөхдийн хүрээнд эл байдлыг ойлгоод өнгөрдөг ч ажил хэрэгч уулзалт, арга хэмжээний үеэр таагүй сэтгэгдэл төрүүлдэг.

Өөрөөр хэлбэл, өөрийнхөө ч бусдын ч цаг заваас их бага хэмжээгээр хумсалж байгаа хэрэг. Тиймээс л хэн хэнийхээ алтан цагаас хумсалж байгаа бол зориулж ирсэн цаг хугацаандаа гар утаснаасаа дүүжлэгдэж биш түрхэн зуур өөрөөсөө хол байлгах ч соёл болчихоод байна. Ядахдаа л уулзаж буй хүнээ хүндэлж буйн том илрэл болно байх. Гэтэл олны дунд хээвнэг, үл тоомсорлож буй мэтээр уулзах төдийд л утсаа шагайгаад суучихдаг хүмүүс их. Гар утсаараа зохицуулах ажил их байж болно. Гэвч тухайн цаг мөчид өөрийнхөө асуудлыг бусдаас дээгүүрт тавих нь өөрөө асуудал.

Хайрлаж дурлахад ч ялгаагүй л дээ. Уулзах бүртээ утсаа шагайгаад суучихдаг хэр утасны цаанаас бие биенээ тоосонгүй гэж гомдоллох хосууд ч их. Бараг л түгээмэл ажиглагддаг зүйл. Тиймээс уулзаж учрах үедээ гар утсаа хэсэгхэн зуурт ч орхичих. Залуу хосуудад муудалцах асуудал мундахгүй. Шалтаг ч дуусахгүй. Гэтэл түүн дээр бие биеэ гар утаснаасаа ч илүүд үздэггүй нь байдлыг улам л дордуулахаас дээрдүүлэхгүй. Түүний оронд болж бүтэж байгаагаасаа бүтэхгүй байгаагаа хүртэл ярилц. Ойлголц. Цугтаа алх. Хайртай гэдгээ ч хэл. Гэр бүлийнхэндээ ч тэр.

Өнөөгийн нийгэмд завтайдаа бус зав гаргаад бие биетэйгээ уулзах тохиол л их. Тиймээс "зориулж" гаргасан цаг хугацаа, уулзалт бүрээ утга учиртай байлгах сан. Өнөөдөр ч , маргааш ч, нөгөөдөр ч...

Маргааш БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын тангараг өргөх ёслол болно
Маргааш БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын тангараг өргөх ёслол болно
 
Монгол Улсын начин Б.Ганбаатарын нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаанд  Улсын аварга О.Хангай түрүүлж, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар үзүүрлэв
Монгол Улсын начин Б.Ганбаатарын нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаанд  Улсын аварга О.Хангай түрүүлж, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар үзүүрлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.