Монгол Улсын үе, үеийн Ерөнхийлөгч нар нэгэн дээвэр дор цугларч улс эх орныхоо төлөө санал бодлоо хуваалцсан түүхэн үйл явдал хоёр дахь удаагаа боллоо. Тодруулбал, Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа экс Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр нарыг хүлээн авч уулзаж байсан юм.
Тухайн үед Н.Энхбаяр хорихоос суллагдаад удаагүйн дээр сонгуульд нэр дэвших эрхээ хаалгасан цаг үе байснаараа дээрх уулзалт олны анхаарлыг ихэд татаад байсан юм.
Энэ ч утгаараа тухайн үеийн уулзалтыг "ЭВЛЭРЛИЙН УУЛЗАЛТ" гэж Ц.Элбэгдорж онцолж байсан удаатай. Тэгвэл энэ удаагийн уулзалт ч гэсэн цаг хугацааны хувьд, улстөрийн тохирооны хувьд хэд хэдэн онцлох сэдвээр баялаг байна. Тухайлбал, экс Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр зам, Шинэ Яармаг хороолол зэрэг хэд хэдэн асуудлаар АТГ дээр шалгагдаж байгаа. Бүр удахгүй хэргийг нь боогоод шүүх рүү шилжүүлнэ гэсэн шуум ч бий.
Тэгвэл Н.Энхбаярын хувьд МАН-д дагаар орсны буянаар хүү Н.Батшугараа парламентад хөл тавиулж амжсан.
Үүнийгээ дагаад хүүгийнхээ сонгогдсон тойрог болох Сонгинохайрхан дүүргийг услах гол ажлыг битүүхэн хийж буй гэх. Мөн Ц.Элбэгдоржийн хувьд АТГ-ын босгыг хоёр ч удаа давсан. Гэсэн ч шалгагдсан хэрэг нь хэрхсэн нь тодорхойгүй.
Юутай ч гадна дотоодын цөөнгүй уулзалтад оролцож, эх орныхоо нүүрийг талхаж яваагаа твиттрээр сурталчлах болсон.
Яг ийм л цаг үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг нэгэн дээвэр дор цуглууллаа. Тиймдээ ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг уулзалтыг ЭВ НЭГДЛИЙН уулзалт гэж онцлож буй аж. Энэ лоозон нь магад үе үеийн Ерөнхийлөгч нар хоорондоо тэмцэлдэж, нэгнийхээ өөдөөс гал шидэх бус харин ч эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө нэгдэх ёстой гэдгийг сануулсан үйлдэл болов уу.
Энэ ч утгаараа үе, үеийн Ерөнхийлөгч нарын уулзалтаар улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, гадаад, дотоод хүчин зүйлс болон бусад асуудлаар санал бодлоо солилцсон гэх мэдээлэл бий. Түүнээс гадна ҮАБЗ-ийн дэргэд үе, үеийн Ерөнхийлөгч нарыг зөвлөлдөх механизмыг байгуулахаар тохирсон нь цаг үеэ олсон шийдвэр гэж харагдав.
Г.Нацаг-Эрдэнэ