Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баярсайхан: Би гишүүн болсноосоо хойш охид эмэгтэйчүүд болон хүүхдийн хүчирхийллийн эсрэг тууштай тэмцсээр байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 42 секунд

УИХ-ын дахь МАН-ын бүлгээс цаг үеийн хэд хэдэн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Би УИХ-ын гишүүн болсноосоо хойш хүчирхийллийн эсрэг лобби бүлгийг УИХ-д байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай хамтарч хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөлдсөн.

Манай бүлгийн нэг хийсэн гол ажил нь одоо мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь заалтыг тусгуулсан явдал. Энэ заалтыг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд өрнөж байна. Өөрөөр хэлбэл, коронагаас өмнө жил бүр 25 мянга орчим хүүхэд асран хамгаалагчийнхаа нүдэн дээр гэмтэж бэртэн, амь насаа алдах явдал гарч байсан. Энэ тоо коронагийн үеэр 35 мянга болж өссөн. Хэдийгээр олон улсын байгууллага болон яам, Тамгын газраас эцэг, эхийн хариуцлагыг ухамсарлуулсан ажлыг шат дараатай хийдэг ч төдийлөн ажилт олохгүй байна. Тиймээс нийгэмд тулгамдаж байгаа гол асуудал нь яг юу юм бэ гэдэгт дүгнэлт хийх цаг ирсэн. Ардчиллын үед картын бараанаас өөр сонголтгүй нийгэмд эцэг, эх нь мөнгөний араас явахаас аргагүй болсон. Ард нь үр хүүхэд нь хайр халамжаар дутагдаж үлдсэн. Эдгээр иргэд одоо 30 гарсан залуус болж. Тэгвэл өнөөгийн нийгэмд технологи хөгжихийн хэрээр гар утас шүтсэн харилцаа давамгайлах боллоо. Ингэснээрээ үр хүүхдүүддээ тавих анхаарал багасаж байна гэдэг дүгнэлтэд бид хүрсэн. Энэ ч утгаараа ҮЛ ХАЙХРАХ ХҮЧИРХИЙЛЭЛД хүүхдүүд өртсөөр байна. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсэгт Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг ААН болон ажил олгогч нь хүүхэд хамгаалах бодлоготой байна гэж заасан. Энэ бол маш чухал заалт. Энэ заалтыг хуульд тусгаж өгснөөс хойш ААН-ийн удирдлагууд хариуцлагажиж байна. Жишээлбэл, уул уурхайн салбарт хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр огт дуугарч байгаагүй. Гэтэл одоо уул уурхайн салбар дахь иргэдийн дунд хүчирхийлэлгүй, өсөн дэвжсэн, бүтээлч ажлын байр гэсэн хэлэлцүүлэг болох гэж байна. Бүгд адилхан, эрчим хүчний салбар, боловсрол, барилга гээд. Та бүхэн санаж байгаа байх. Ил монтажнаас болж балчир хүү амиа алдаж байсан. Энэ мэт салбарын хариуцлагагүйгээс болж үр хүүхэд гэмтэх ёсгүй гэдэгт нэгдэж анхаарч эхэллээ. Энэ ч утгаараа өнөөдрөөс хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна. Нөгөөтэйгүүр, би Завхан аймгийн иргэдээ парламентад төлөөлдөг. Тиймээс хүчирхийлэлгүй Завхан нутаг гэсэн ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэсэн юм.

Үүний дараа сэтгүүлчид түүнээс зарим асуудлыг асуусан юм.

-Монгол Улсад маш олон хүүхэд хорт хавдраар өвчилж шаналж байна. Хэдхэн хоногийн өмнө цусны хорт хавдартай хүүгийн ээж, аав нь хоёр хүүхдээ тэврээд Төв талбай дээр гарч ард түмнээс тусламж гуйлаа. Азаар ард түмэн тэр мөнгийг нь босгоод өглөө. Гэхдээ асуудал нэгээр дуусахгүй. Цаана нь дахиад маш олон хүүхэд бий. Одоо ч хорт хавдартай нэг хүү Төв талбай дээр ээжтэйгээ хамт сууж байна. Уг нь УИХ-ын гишүүдэд ийм ээж, аав олон удаа ханддаг юм байна. Гэтэл тоодоггүй гэсэн. Энэ асуудлыг яаж шийдэх вэ, бидэнд ямар гарц гаргалгаа байна вэ?

-Тэр цусны хорт хадвартай хүү олон нийтийн сэтгэлийг маш их эмзэглүүлсэн. Би төрийн бус байгууллагаараа дамжуулаад түүнд тусалсан. Үүн шигээ олон хүүхдэд туслах шаардлага бий. Тэгвэл яаж. Хүүхдийн өвчлөлийг бууруулахын тулд эмнэлэг барих юм уу, эсвэл хүнсний аюулгүй байдлыг хангах ёстой юм уу.

Бодож үзэх хэрэгтэй. Хүүхэд хамгаалал гэдэг зүйл бол миний бодлоор ганц хүчирхийллийн асуудал орохгүй. Үүнээс гадна эрүүл хооллох физилогийн асуудал нэн тэргүүнд орно. Хүүхдийн төлөө фондод цугларсан мөнгөний асуудлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Ариунзаяа сайдтай ярих хэрэгтэй байх. Ямартай ч миний хэлэх зүйл бол хүүхдийг аль болох эрүүл хооллох шаардлагатай байна. Энэ асуудал дан ганц эцэг, эхээс хамаарахгүй. Хүнс үйлдвэрлэгчдээс ихээхэн зүйл шалтгаална. Дээр нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд цацагдаж байгаа реклам зар сурталчилгаанд анхаарах хэрэгтэй байна. Хүүхэд бол цагаан цаас. “Энэ бэлэн гоймон гоё. Идээд үз” гэхэд л сонирхоно. Тиймээс хэн хэндээ энэ асуудалд анхаарах хэрэгтэй.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Цог жавхлант Эзэн хаан Нарүхитог Монгол Улсад айлчлахыг урив
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Цог жавхлант Эзэн хаан Нарүхитог Монгол Улсад айлчлахыг урив
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.