УИХ-ын хурал дахь МАН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр өнгөрсөн долоо хоногийн гол дуулианаар тодроод байсан УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг чухам ямар шалтгааны улмаас түдгэлзүүлэхээс парламентын гишүүд эсэргүүцсэн бэ гэдгийг сэтгүүлчид тодруулсан юм.
Уг асуултад УИХ-ын гишүүн Б.Тогтохсүрэн "Бид шалгуулахгүй гээгүй шүү дээ. Улсын Ерөнхий прокурорын зүгээс нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ дарламентад тавьсан. Энэ дагуу УИХ-ын тухай хууль болон УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу эдгээр дөрвөн гишүүнээс тодруулга, тайлбар авсан. Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны дараа уг асуудлыг чуулганаар хаалттай хуралдаж авч хэлэлцэх ёстой гэж үзсэн. Энэ дагуу хуралдсан. Бараг шөнө дунд өнгөртөл хуралдсан байх. Ингээд эдгээр УИХ-ын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгуулах бүрэн боломжтой юм байна гэж чуулганы хаалттай хуралдааны үеэрх санал хураалтын дүнгээр гарсан. Иргэдийн зүгээс МАН-ынхан ангийн нөхдөө хамгааллаа гэсэн зүйл ярьсан. Үгүй, хаалттай хуралдааны үеэр УИХ-ын гишүүд өөрийн саналаа нууцаар, цаасаар өгдөг. Нэг үгнээр хэлбэл, гишүүд өөрийн итгэл үнэмшлээр энэ асуудалд хандсан гэж бодож байна. Гаднын ямар ч нөлөөгүй гэсэн үг" гэлээ.
Ташрамд дурдахад, Улсын Ерөнхий прокурорын Б.Жаргалсайханы зүгээс УИХ-ын Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан юм. Гэвч уг асуудлыг УИХ-ын чуулганаар хаалттай авч хэлэлцсэний эцэст ийнхүү бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм.