Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар Ерөнхий сайд уу, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 53 секунд

Тэр жил Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа төмөр замыг явуулах гээд үүнийг нь Х.Баттулга танк, цариг хоёр ярьсаар байгаад нэгэн том бүтээн байгуулалт гацаж билээ. Эцэст нь Ц.Элбэгдорж ч биш, Х.Баттулга ч биш монголчууд хохирогчийн нэр зүүж, азгүйдээд дууссан.

Үүнтэй төстэй бүтээн байгуулалтын “зодоон” чуулганы танхимд өрнөв. Нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилготой тулгуурт хөнгөн галт хэрэг болох LTR төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газраас Төсвийн тодотголтой хамтатган өргөн барив. Төсөл гурван шугамтай. Нэгдүгээр шугамын нийт санхүүжилт одоогийн байдлаар 926.1 тэрбум ам.доллар гэж тооцсон. Үүнээс 510 сая ам.долларт баталгаа гаргахаар Засгийн газар шийдэж УИХ руу оруулав. Гэтэл Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар уг тогтоолын төслийг хэлэлцүүлэлгүйгээр байнгын хороон дээрээсээ татсанаар хэрүүл эхлэх нь тэр. Асуудал сүүлдээ жалга дов, хот хөдөөгөөрөө талцан “шороо самардалцсан” том “зодоон” маягийн юм болж хувирлаа. Төслийн ач холбогдол, эдийн засаг, нийгмийн үр өгөөж, нийслэлчүүдийн амьдралд хэрэгтэй юу гэдэг 77 дахь асуудал болон орхигдож, талууд улс төрийн агуулгаа нэгд тавьцгааж эхэллээ. Яг л төмөр зам шиг.

Тэгвэл Ч.Хүрэлбаатар гишүүн яагаад хотын гишүүдийн эсрэг ганцаараа эрслэн босов. Мэдээж олон хүн Ч.Хүрэлбаатар болон хотын дарга Д.Сумъяабазар хоёрын хувь таарамжгүй харилцаанаас болсон гэж тайлбарлах байх. Мэдээж энэ бол нэг томоохон хүчин зүйл мөн. Харин Д.Сумъябазартайгаа л муудалцах мөрөөрөө муудалцахгүйгээр нийслэлчүүдийг хөлдөө чирэн байж, цаашлаад Ерөнхий сайдтайгаа зөрчилддөг нь ямар учиртай вэ. Ч.Хүрэлбаатар гишүүний эл үйлдлийн цаана уншигдаж буй өөр нэг улс төрийн ньюанс бол тэр Ерөнхий сайдыг, түүний бодлогыг дэмжихгүй байна. Бүр бодлого бүрийг нь унагах бодол тээж байна гэх ойлголт юм. Ер энэ улсын Ерөнхий сайд, эрх баригч намын дарга хэн юм бэ. Л.Оюун-Эрдэнэ үү, Ч.Хүрэлбаатар уу. Өнгөрсөн нэг сарын хугацаанд Ч.Хүрэлбаатар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бодлогыг гурав дахь удаагаа “жадлан” эсэргүүцэж орхив.

Эхнийх нь төсвийн тодотгол болон ЗГ-аас өргөн барьсан зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хууль. Сангийн сайд Б.Жавхлан болон Засгийн газар төсвөө тодотгохыг хүсээгүй. Бүлгийн хурал дээр Б.Жавхлан тодотгол хийж төсвөө задлахгүйгээр явах саналыг зүтгүүлэхэд Төсвийн байнгын хорооны дарга тас эсэргүүцэж Ерөнхийлөгчөөс авсан дэмжлэгээрээ төсвийг тодотгох улс төрийн шийдвэрийг бүлгээс гаргуулсан. Өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний үнийг зохицуулах хуулийг Засгийн газар оруулж ирэхэд “Хамгийн муу хувилбар болох мөнгө хэвлэж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх арга зам оруулж ирлээ” гэж бас л Засгийн газрыг эсэргүүцэж, Б.Жавхлан сайдыг баахан улалзуулсан.

Хоёр дахь нь Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд хариуцлага тооцох асуудал байв. Ерөнхий сайд ил цагаан УИХ-ын мэдэх асуудалд “хошуу” дүрж “Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгчийг чөлөөлөхгүй” гэж цээжээрээ хамгаалаад шүлс нь хатаж амжаагүй шахуу байхад байнгын хороо дээрээ Монголбанкы Ерөнхийлөгчийг “3 сая хүний амьдралыг там болголоо, чи эдийн засагч биш. Хариуцлага тооц. Огцруул. Өргөдлөө өг” хэмээн Ерөнхий сайдынхаа бодол ч юм шиг, бодлого ч юм шиг зүйлтэй нь дахин зөрчилдөв. Агуулгын хувьд хариуцлага ярьсан нь Ч.Хүрэлбаатарын зөв байж болох ч Ерөнхий сайд нь улс төрийн шийдвэр хэлээд байхад том толгойлон Монголбанкны Ерөнхийлөгчийг нь зөрж “алаад” байгаа нь хачирхалтай.

Гурав дахь нь түгжрэлийг бууруулах LRT төсөл. Уг төслийн хэрэгжүүлэгч автор нь Д.Сумъяабазар хэдий ч зүтгүүлэгч жинхэнэ автор нь Л.Оюун-Эрдэнэ. Ерөнхий сайд өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд уг төслийг Хятадын талтай ярьж, хоёр улсын хооронд томоохон шийдэлд хүргэсэн. Айлчлалаас гарсан үр дүнгийн дагуу Хятадын талаас LRT байгуулах төсөлд ач холбогдол өгч ТЭЗҮ-г яаралтай боловсруулсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд энэ төсөл дээр улс төрийн томоохон манлайлал үзүүлж буй юм.

Ийнхүү Засгийн газар дэмжээд явуулсан уг төслийг Ч.Хүрэлбаатар гишүүн хууль зөрчсөн гээд байнгын хороо дээрээ унагасан. Уг нь төсвийн тухай хуулиудтай зөрчилдсөн бол хуулийн хүрээнд шийдэл гарцыг нь гаргаад явуулах боломжтой. Манай улс төрд ямар зохицуулж болдоггүй хууль гэж байдаг биш. Шийдье гэвэл хуульд нийцүүлж, аргыг нь олох шиг амархан зүйл байхгүй. Мөн Засгийн газраас оруулсан өөр нэг хувилбарыг ч тэр тоож үзсэнгүй. Өөрөөр хэлбэл, байнгын хорооны гишүүдээр ч хэлэлцүүлэлгүйгээр Ч.Хүрэлбаатар гишүүн Ерөнхий сайдынхаа бодлогыг нэг сарын дотор гурав дахь удаагаа унагаж, том толгойллоо. Ардын нам шиг коммунист хэв шинжээсээ салж чадаагүй босоо тогтолцоотой намд энэ бол байж болохгүй үзэгдэл.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Сүүлийн 4 жилд сайд байхдаа 400 сая долларын зээл нутагтаа хусчихсан ч байх шиг. Мөнгө угаагаад байгаа юм уу” гэхэд Ч.Хүрэлбаатарыг твиттерт өөд уруугүй дэмждэг зарим нөхдүүд “Хэнтийн төсөв, зээлийн талаар харьцуулалт хийхгүй юм уу” хэмээн сөргүүлж харагдана. Энэ бол Ч.Хүрэлбаатарын хүмүүс ил цагаанаар намын даргаа эрүүл тулаанд дуудаж буй үйлдэл. Хэн ч харсан Ч.Хүрэлбаатар гэсэн тэмээнээс том тэмдэгтэй нөхдүүдийн үг хэлийг хувь хүн гэхээс илүүтэй цаад хүнийх нь үг гэж харахгүй гээд яах билээ.

Тиймээс Ч.Хүрэлбаатарын өөрийгөө Ерөнхий сайд, намын дарга шиг үзэж буй энэ араншин аль хүртэл үргэлжлэх вэ. Жинхэнэ Ерөнхий сайд нь хэрхэн реакцлах вэ гэдэг сонин. Бодлого, шийдэл бүрийг нь энэ мэтээр УИХ, байнгын хороо дээр унагаад байвал цаашдаа яах вэ. Хэрвээ УИХ яг одоо шийдвэрээ гаргахгүй бол энэ ажил 5 сард эхэлж чадахгүй. Хугацаа нь дараагийн жил рүү шилжчихвэл дараагийн сонгуулийг өнөөх түгжрэл, бухимдалтайгаа угтсан нийслэлчүүд Д.Сумъяабазарын багт хатуухан дүн тавина. Мөр зэрэгцүүлээд Ерөнхий сайд, намын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Ардын намд ч гэсэн “F” тавина. Энэ хоёр хүний улс төр амжилтгүй болох ер нь хэнд ашигтай вэ...

Г.Лхагвадорж

ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ: Хувийн ААН-үүд дэргэдээ цэцэрлэг ажиллуулвал ТӨРӨӨС дэмжинэ
ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ: Хувийн ААН-үүд дэргэдээ цэцэрлэг ажиллуулвал ТӨРӨӨС дэмжинэ
 
“Дакар Ралли-2025”-д Монгол Улсаа төлөөлөн П.Мөрөн өрсөлдөхөөр боллоо
“Дакар Ралли-2025”-д Монгол Улсаа төлөөлөн П.Мөрөн өрсөлдөхөөр боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.