Нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөнгөн галт тэрэг буюу LRT гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Үүнтэй холбоотой төсвийн асуудлыг шийдүүлэх тогтоолын төслийг Төсвийн байнгын хороонд оруулж нийслэлээс ирсэн. Гэвч тус тогтоолын төсөл байнгын хороон дээр унасан юм. Байнгын хорооны гишүүд төсвийн мөнгөн дүнтэй холбоотой асуудлаар уг тогтоолыг төслийг унагасан. Тэгвэл өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх томоохон төслийг унагаасан эл асуудалд гишүүд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрбээр "Түгжрэлийн асуудал улсын асуудал болсон гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдсэн. Түгжрэл бөөгнөрөлтэй бид дайн зарлачихаад байгаа. Энэ дайнд бид ялагдаж яваа. Үүнийг ялах хэд хэдэн шийдлүүдийн нэг нь нийтийн тээвэр, замын асуудлууд. Тэр дундаа хөнгөн галт тэргийн бүтээн байгуулалтын ажлыг Ерөнхий сайд дэмжсэн. Сангийн яам тооцоогоо хийсэн. Гэтэл Төсвийн байнгын хороо дээр хэдэн дарга яриад аваад үлдчихсэн. Гурван тэрбумыг хэмнэх асуудал ярьж байхад гурван их наядын төсөв ярих гээд байна гээд. Түгжрэлтэй холбоотой асуудлаар 2024 оноос өмнө маш том жагсаал цуглаан явагдах байх гэж бодож байгаа. Би ард түмний төлөөлөгч болохоос хэн нэгний албат биш. Түгжрэлтэйгээ тэмцэх ажлаа хийж чадахгүй байгаа бол ард түмэнтэйгээ цуг жагсах ёстой. Энэ дайнд ялагдсанаас бид өөрийнхөө ард түмэнтэйгээ цуг УИХ дотор шийдэхгүй байгаа хүмүүстэй тэмцэх нь бидний хамгийн чухал үүрэг. Мануухай болж суух гээгүй. Хувийнхаа асуудлыг яриагүй. Түгжрэл Монголын номер нэг асуудал биш юм бол үүнийг шийдэхгүй байж болно. Яагаад Монголыг хорлодог улсууд байдаг юм. Дахин дахин сонгогдохдоо тойрог нь нийслэлээс хол болохоор Улаанбаатарын эсрэг ажилладаг юм уу. Улаанбаатарын хөгжлийг гацаагч хүчин зүйл нь Монголын төрд байгаа тодорхой албан тушаалтнууд. Энэ бол хүчин зүйл биш. Алхам тутамдаа ил болон далд байдлаар гацаадаг. Хэмнэж байгаа нэрийдлээр ард түмнийхээ хөгжлийг гацаах гэж байгаа чинь бодлого мөн юм уу" гэв.