Өнгөрөгч долоо хоногт Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан архидан согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар дайрсан онц ноцтой хэргийг тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал нуун дарагдуулж байна гэх мэдээлэл цахим сүлжээнд гараад байна. Тус хэргийн талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалаас тодрууллаа.
-Танай аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан эхнэрээ автомашинаар дайрсан, өөрийг тань эл хэргийг нуун дарагдуулсан гэх мэдээлэл гараад байна. Тус хэргийн талаар та мэдээлэл авсан уу?
-Болсон үйл явдлын талаар хоёр өдрийн дараа мэдсэн. Тус үйл явдал нь орон зай, цаг хугацааны хувьд хоёр өөр газар, өөр цагт болсон зүйл. НАМЗХ-ны үйл ажиллагаа Дархан-Уул аймгаас 30 гаруй км-ын зайд байрлалтай газарт болсон. Харин аймгийн орлогчийн эхнэртэй холбоотой хэрэг нь Дархан-Уул аймагт болсон үйл явдал. Иймд юун түрүүнд тус хоёр үйл явдлыг ялгаж салгах хэрэгтэй.
Аймгийн орлогч Б.Жавхлангийн эхнэр нь найз нөхөдтэйгөө баярын үйл ажиллагаа тэмдэглэж яваад гэмтэл авсан юм билээ. Гэмтэл авсан тул эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлж эхэлсэн ба биеийн байдал нь сайжирч байгаа гэх мэдээллийг авсан. Нөхөр нь болох манай орлогч гэр бүлийн хүнээ эмнэлэгт сахихаар долоо хоногийн чөлөө аваад одоо ажилдаа эргэн орсон.
-Тэгвэл цацагдаад буй шиг үйл явдал болоогүй хэрэг үү. Өөрийг тань онц ноцтой гэмт хэргийг нуун дарагдуулаад байна гэх хардлага байна шүү дээ?
-Санамсаргүй байдлаар бэртэл, гэмтэл авсан ч цагдаагийн байгууллагаас тайлбар мэдээлэл авдаг шүү дээ. Үүний дагуу шалгалтын ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа ба эмнэлэгт эмчлүүлж байгаа эхнэрээс нь албан ёсны тайлбар мэдээлэл аваагүй байгаа юм билээ. Надад байгаа мэдээллээр, гэр бүлийнхээ найз нөхдийн хүрээнд баяр тэмдэглэж байгаад гэмтсэн нөхцөл байдал байгаа юм байна. Түүнээс биш хэвлэл мэдээллээр гараад байгаа шиг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эхнэрээ дайрсан асуудлыг нуун дарагдуулсан зүйл байхгүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлмээр байна. Би цагдаагийн байгууллагад очиж, суллах хэмжээний эрх бүхий албан тушаалтан биш. Тус үйл явдалтай холбоотойгоор би цагдаагийн газрын үүдээр ч шагайгаагүй. Ямар нэгэн албан тушаалтантай эл асуудлаар холбогдсон зүйл байхгүй.
-Тэгэхээр та цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлсөн зүйл огт байхгүй гэх байр суурьтай байгаа юм байна. Тийм үү?
-Асуудал үүссэнээс даруй хоёр хоногийн дараа болсон үйл явдлын талаар цагдаагийн байгууллагаас тодруулга мэдээлэл авсан. Би хариуцлагатайгаар мэдэгдье. Миний бие цагдаагийн байгууллагад очиж, орлогчоо суллуулж, хэргийг нь нуун дарагдуулан гэх зүйл огт байхгүй. Хэрвээ ийм зүйл байгаа бол хууль, хяналтын байгууллага нь гаргаад ирнэ. Хэрэв болоод өнгөрсөн явдалд өөр нөхцөл байдал тогтоогдож, би түүнийг нь нуун дарагдуулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн байна. Яагаад гэвэл огт тийм зүйл болоогүй учраас. Огт болоогүй зүйл дээр миний нэр, зураг хөргийг ашиглаж байгаа нь нэр төрд халдаж буй явдал. Гэхдээ би үүнд ач холбогдол өгөхгүй байгаа. Ийм мэдээлэлд ач холбогдол өгч тайлбар хийснээс хаврын ажилд анхаарах хэрэгтэй.