С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын "Үндэсний бодлогын хороо"-ны ээлжит хурал өнөөдөр /2022.04.16/ болж байна. Үүнтэй холбогдуулан Х.Баттулга талын АН-аас мэдэгдэл хийлээ. Тодруулбал, С.Эрдэнийн зарласан хуралд АН-ын ҮБХ-ны гишүүдийн 91.7% нь оролцоогүй тул залилангийн энэ үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулна гэдгээ мэдэгдэв.
УТЗ-ийн гишүүн Д.Батсайхан "Өнөөдөр АН-ын ҮБХ-ны хурал хуралдаж байна гэх худал мэдээлэлтэй холбогдуулаад бид та бүхэнд бодитой мэдээллийг хүргэж байна. Ардчилсан намын Онц Их хурал хуралдаж ҮБХ-ын гишүүдээ баталгаажуулсан хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хуралдсан АН-ын ээлжит бус Их хурлаас Их хурлын бүрэн эрхийг Их хуралд зөвхөн үлдээх шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд ҮБХ хуралдахгүй гэсэн шийдвэр гарсан. Тиймд өнөөдөр албан ёсоор Ардчилсан намаас зарлан ҮБХ-г хуралдуулаагүй гэдгийг мэдэгдье.
Өнөөдөр хуралдаж байгаа гэх хуралд манай ҮБХ гишүүд хэрхэн оролцож байгаа вэ гэдгийг бүх аймаг, дүүргүүдтэй, ҮБХ-ны гишүүдтэйгээ нэг бүрчлэн холбогдлоо. Ингэхэд ҮБХ-ны гишүүдийн маань 91.7% нь оролцоогүй гэдгээ илэрхийлж байна. Жишээлбэл, орон нутгаас Архангай аймаг 15 ҮБХ-ны гишүүдээс 13 нь холбоо барьсан бөгөөд хуралд оролцоогүй гэдгээ илэрхийлсэн. Баян-Өлгий аймаг 14 ҮБХ-ны гишүүдээс 11 нь оролцоогүй. Баянхонгор аймаг ҮБХ-ны 12 гишүүнээс 11 нь оролцоогүй. Булган аймаг 8-аас 8 оролцоогүй. Говь-Алтай 8-аас 7 оролцоогүй. Дорноговь, Говьсүмбэр аймаг 12 гишүүнээс 11 нь оролцоогүй. Дорнод аймаг 10 гишүүнээс 9 нь оролцоогүй. Дундговь аймаг 7 гишүүнээс 7 оролцоогүй. Завхан аймаг 9 гишүүнээс 7 нь оролцоогүй. Өвөрхангай аймаг 15 гишүүнээс 15 оролцоогүй. Өмнөговь 10-аас 10 гишүүн оролцоогүй. Сүхбаатар 8-аас 8 гишүүн оролцоогүй. Сэлэнгэ аймаг 15 гишүүнээс 13 оролцоогүй. Төв аймаг 14-өөс 13 оролцоогүй. Увс аймаг 14-өөс 14 оролцоогүй. Ховд аймаг 15 гишүүнээс 11 нь оролцоогүй байна. Хөвсгөл аймаг 17 гишүүнээс 15 нь оролцоогүй. Хэнтий аймаг 15-аас 14 оролцоогүй. Дархан-Уул аймаг 15-аас 11 гишүүн оролцоогүй. Орхон аймаг 15 гишүүнээс 14 нь оролцоогүй гэсэн мэдээллийг ҮБХ-ны гишүүд маань өглөө. Тэгэхээр орон нутгийн 21 аймгийн 249 ҮБХ-ны гишүүдээс 223 гишүүн энэ хуралд оролцоогүй гэдгээ илэрхийллээ. Нийслэлээс 134 гишүүн оролцоогүй гэдгээ илэрхийлснээр нийт ҮБХ-ны гишүүдийн 357 гишүүн оролцоогүй гэдгээ илэрхийлснээр энэ хуралд оролцоогүй гишүүдийн тоо 91.7%-д хүрч байна.
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Ардчилсан намаас ҮБХ-ны хурал зарлаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. С.Эрдэнэ тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс Ардчилсан намын ҮБХ-г зарлан хуралдуулахаар болсон байна. Гэтэл уг хуралд 21 аймаг, 9 дүүрэг болох 30 нэгжийн төлөөлөл болсон ҮБХ гишүүд хуралд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Үүнийг ҮБХ-ны гишүүд өөрсдийн тойрог, тойргоосоо мэдээлсэн бөгөөд уг дүнг Ардчилсан намын Улс төрийн зөвлөл мэдэгдэл хийж ҮБХ гишүүдийн 91.7% нь энэ хуралд оролцоогүй гэдгийг албан ёсоор мэдээлж байна" гэв.