Өргөн хэрэглээний барааны үнэ өсч, иргэдийн амьжиргаа сүүлийн үед эрс муудсан. Үүнтэй холбоотой Засгийн газраас үнэ тогтворжуулах зорилготойгоор Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл өргөн бариад байгаа. Өргөн барьсан хуулийн төсөлтэй холбогдуулан сөрөг хүчний байр суурийг олон нийтэд танилцуулахаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албанаас өнөөдөр /2022.04.12/ “Хууль баталж үнэ тогтворжуулах нь зөв шийдэл мөн үү” сэдэвтэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат “Улс орны одоо байгаа нөхцөл байдал эрх баригчдын буруу бодлого, төмөр замаа тавьж чадаагүйгээс хамааралтай. Ардчилсан нам 2012 онд олонхи биш ч олуулаа байхдаа улс төр, эдийн засгийн шинэчлэлийг хийж чадсан. Тэр үед бид “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Эрх баригчид мушгиж, муулж байсан хэрнээ өнөөдөр өөрсдөө хууль болгох гээд явж байна” гэв.
Эдийн засагч Ч.Отгочулуу “Инфляц бол ядуурал, ажилгүйдлийн дүн. Тиймээс Монголчууд өнөөдөр бултаараа 14 хувиар ядуурчихаад байгаа гэсэн үг. Эмнэлэг, сургууль ашгийн төлөө ажилладгүйтэй адил Монголбанк ашиг олох бус харин ч зардал гаргаж инфляцийг бууруулж болдог. Аль ч улсын Төв банк дотоод валютынхаа ханшийг барих үүрэгтэй. Гэтэл Монголбанк энэ үүргээ биелүүлж чадсангүй. Одоо Засгийн газар нь хууль баталж Монголбанкийг өөрийн агентлаг шигээ ажиллуулах гэж байна” гэж шүүмж хэлэв. Мөн эдийн засагч Р.Даваадорж, Засгийн газар энэ хуулийн төслийг оруулж ирэхдээ хэдэн төгрөг хаанаас гаргах, тэр мөнгөө хаанаас олох нь тодорхойлоогүй. Хууль батлуулж УИХ-ын 76 гишүүнд асуудлаа нялзааж, хариуцлагаас зугaтах, өөрөөр хэлбэл хулгайгаа хуульчилж хаах арга гэдгийг тайлбарлав.